Хятад улсын эрүүл мэндийн яам

БНХАУ-ын төв хэсэгт орших Ухань хотод үл мэдэгдэх вирусын халдвараар өвчилсөн 59 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 7 хүний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан мэдээллээ.

Үүнтэй холбогдуулаад албан бус эх сурвалжуудын зүгээс энэхүү халдварыг 2002 онд Хятадад дэгдэх үедээ 700 хүний амь насыг авч одож байсан амьсгалын цочмог халтай хам шинж буюу “САРС” вирус байж болзошгүй талаарх мэдээллийг цахим сүлжээгээр тараагаад байсан ч Хятад улсын эрүүл мэндийн яамнаас тус мэдээлэлд эрс няцаалт хийжээ.

Тодруулбал тус яамнаас ням гарагт  цахим хуудсаараа дамжуулан гаргасан мэдэгдэлдээ үл мэдэгдэх вирусын халдварыг "САРС" вирус биш болохыг албан ёсоор мэдэгдээд, худал ташаа мэдээлэл тарааж, нийгэмд айдас хүйдэс үүсгэсэн хэргээр 8 хүнд хуулийн хариуцлага хүлээлгэснийг мэдээлсэн байна.

Одоогоор энэхүү вирус нь хүнээс хүнд дамжин халдварладаггүй болохыг тогтоогоод байгаа бөгөөд өвчилсөн хүмүүсийн ихэнхийг далайн гаралтай хүнсний захад ажилладаг хүмүүс эзэлж байгаатай холбогдуулаад захыг ариутгаж, тодорхой бус хугацаагаар хаах арга хэмжээ авснаа албаныхан мэдээлжээ.

Түүнчлэн вирусын халдвар авсан хүмүүстэй холбоо тогтоосон 163 хүнийг эмчийн хяналтад оруулсны дээр тус хотоос зорчигсдыг тусгай үзлэгт хамруулах арга хэмжээ авснаа Сингапур болон Хонконгийн удирдлагууд мэдээлсэн байна.