65-аас дээш насны ахмадуудад энэ сарын 25-аас эхлэн

Жил бүрийн цагаан сар, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 65-аас дээш насны ахмадуудад төрөөс "Насны хишиг"-ийг олгодог. Энэ жилийн тухайд 140 орчим мянган ахмад настанд "насны хишиг" олгохоор төсөв батлагдсан. Тэгвэл 65 нас хүрч, анх удаа "Насны хишиг" авах иргэд хүсэлт гаргах бол өмнө нь хамрагдсан иргэдийн нэрийн данс руу энэ сарын 25-аас эхлэн насны хишгийг шилжүүлж эхлэх юм байна.

Насны хишгийг 2017 оноос эхлэн жилд хоёр удаагийн давтамжтайгаар олгодог болсон. Тухайлбал 65-69 настай бол 50 мянган төгрөг, 70-79 настай бол 80 мянган төгрөг, 80-89 настай бол 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөгийг  тодорхой шаардлагын дагуу олгодог. Ингэхдээ 65 насанд хүрч буй ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн хүн  анх удаа насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд өгснөөр насны хишиг авах эрх үүсэх бол өмнө нь насны хишиг авч байсан иргэд хүсэлт гаргах шаардлагагүй юм байна.

Өнгөрсөн жил сар шинийн баярыг угтан насны хишгээ авах гэсэн ахмад настнууд банканд дараалал үүсгэж, банкнаас үзүүлэх үйлчилгээ хүндхэн байгааг иргэдийн төлөөлөл хэлж байсан. Тэгвэл иргэдийн насны хишгийг чирэгдэлгүй олгохоор үүднээс ХНХЯ, Сангийн яам, Төрийн банк болон ХААН банкны холбогдох төлөөллүүд дараах шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ ахмад настнуудын нэр дээр үүсгэсэн тэтгэврийн нэрийн данс руу "Насны хишиг"-ийг шилжүүлнэ. Улмаар ахмад настан өөрийн ашигладаг арилжааны банкны данс руу мөнгөө шилжүүлэх зохицуулалтыг хийж болох аж. 

2018 онд 135 мянган ахмад настан, 2019 онд 140 мянган ахмад настан насны хишиг авсан байна. Харин энэ оны тухайд мөн тооны ахмад настанд 21 тэрбум гаруй төгрөгийн насны хишиг олгох тооцоо байна.