Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг нэн яаралтай горимоор Засгийн газраас УИХ-д өргөн барилаа

Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчийн мэндчилгээнд тэтгэврийн зээлийг тэглэх тухай дурдагдсан нь өнгөрсөн долоо хоногт тооцоо, судалгаагүй мэдээлэл хэмээн шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд тус төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар шийджээ. Ерөнхийлөгчийн шинэ оны мэндчилгээгээр ҮАБЗ-өөс ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай зарласан ч хэрхэн яаж барагдуулах талаар тодорхой мэдээлэл байгаагүй юм. Одоогоор нийт 421,1 мянган тэтгэвэр авагчийн 54,5 хувь  229,4 мянга нь нийт 763,3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Эдгээр иргэдийн хувьд тэтгэврийн 30 хувиас өөр орлогогүй өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээлийн үлдэгдлийг нэг удаадаа тэглэхээр болжээ. Ингэхдээ Салхитын мөнгөний ордын цэвэр ашгаар бонд босгон улмаар хөгжлийн банк баталгаа гаргаснаар бичилт хийн шийдэх боломжтой гэж үзжээ. Мөн нөгөө талаас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулан уул уурхайн баялгийг үндэсний өв санд төвлөрүүлэн ирээдүйд үлдээн ашиглахад чиглэж байгаа гэлээ. Өнгөрөгч оны 12-р сарын 31-ээр тасалбар болгон иргэдийн зээлийг тэглэнэ. Харин  тэтгэвэр авагч нь зээлээ төлж байх үедээ нас барсан бол 2019 оны 12-р сарын 31 хүртэлх үлдэгдлийг нь барагдуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн дэлхийн аль ч улсад тэтгэвэр барьцаалж зээл олгодоггүй. Цаашид тэтгэврийн зээлийг ахиж олгохгүй бөгөөд өөр бүтээгдэхүүн гаргахаар засгийн газарт яригдаж байна. Харин олны анхаарлыг татаад байгаа үйлдвэрлэлт эхлээгүй дээр нь шүүх дээр өмчлөлийн маргаантай байгаа салхитын мөнгөний ордоос бонд гаргах нь баталгаатай эсэх асуудалд ийм хариулт өглөө. Одоогоор 10-15 сая хүртэл зээлтэй 10 мянга орчим иргэн, 1 сая хүртэлх зээлтэй 23 мянга орчим бүртгэлтэй байна. Тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг энэ долоо хоногт багтан УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Улмаар энэ сараас эхлэн иргэд тэтгэврээ 100 хувь бүрэн гар дээрээ авна. Харин цагаан сараас өмнө тэтгэврийн урьдчилгаа олгох дараагийн асуудал шийдэгдэнэ.