Энэ онд

Шүд цоорох өвчин нь чих, хамар, хоолойн өвчлөлөөс гадна амьсгалын замын, архаг хууч өвчний дам шалтгаан болдог байна. Тиймээс амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь эрүүл байх үндэс гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолдог. Харин манай улсын хувьд бага насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин өндөр байгааг анхааруулсаар байгаа. Тиймээс засгийн газар "эрүүл шүд-эрүүл хүүхэд" үндэсний  хөтөлбөрийг баталж 2019-2023 он хүртэл 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байдаг.

Өнгөрсөн 2019 оноос  хэрэгжиж эхэлсэн "эрүүл шүд-эрүүл хүүхэд" хөтөлбөрөөр:

-Манай улсын нийт хүүхдийн 96.2 хувь нь шүд цоорох өвчлөлтэй.

-Дунджаар нэг хүүхдийн 6-8 шүд цооролтой болж өссөн үзүүлэлттэй байна. 

-Тэгвэл "эрүүл шүд-эрүүл хүүхэд" хөтөлбөрт өнгөрсөн онд 2-6 насны 93.719 хүүхэд хамрагджээ.

-Эдгээр хүүхэд шүдний цоорол болон сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт, шүдний ховил битүүлэх зэрэг эмчилгээ, үйлчилгээнд хамрагдсан  байна.

Энэ онд "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр үргэлжлэн хэрэгжихээр төсөв батлагдсан байдаг.

Өнөөдрийн байдлаар эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөрийн хүрээнд нийт  129 мянга орчим шүд цоорлын эмчилгээ, 27 мянга гаруй сувгийн эмчилгээ, 79 мянга гаруй урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэг түрхлэг, 118 мянга гаруй цоорол зогсоох түрхлэг, 28 мянган шүд авхуулах, 49 орчим мянган шүдний ховил битүүлэх эмчилгээ хийгдэж 93 мянган хүүхэд хамрагджээ.

Манай улсын шүдний эмнэлгүүдийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийн эмнэлгүүд байгаа юм. Тэгвэл улсын хэмжээнд 160 шүдний эмнэлэг "эрүүл шүд-эрүүл хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд шүдний урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан 93 мянга гаруй хүүхдийн 3340 нь амны хөндий нь эрүүл байжээ.

Эрүүл шүд эрүүл хүүхэд хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдүүд амны хөндийн үзлэг эмчилгээнд хамрагдахаас эхний ээлжид 2-6 насны хүүхдүүд хөтөлбөрт хамрагдаж байна. Өнгөрсөн онд нэг хүүхдийн 60 мянган төгрөгийн санхүүжилтээр 93 мянган хүүхэд хамрагдаж 5.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ онд эрүүл шүд хөтөлбөрийн санхүүжилт нэмэгдэж 6.6 тэрбум төгрөг болж 100 гаруй мянган хүүхэд хамрагдах тооцоотой байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.