Финланд улсын Ерөнхий сайд ажлын дөрвөн өдөртэй болох санал дэвшүүллээ

Финланд улсын Зам тээврийн сайдаар ажиллаж байсан өдгөө 34 настай Санна Марин өнгөрсөн сард Финланд улсын ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноор тус улсын түүхэн дэх гуравдах эмэгтэй удирдагч төдийгүй дэлхийн хамгийн залуу ерөнхий сайдаар тодорсон юм.

Тэгвэл тэр бээр албан тушаалаа хүлээн авсан даруйдаа иргэдийнхээ ажил амьдралыг тэнцвэртэй байдлыг хадгалах зорилт дэвшүүлж, ажлын 4 өдөрт зургаан цагаар ажиллах систем нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгджээ.Финланд улсын тухайд дэлхийн бусад орнуудтай харьцуулбал ажлын цаг нь харьцангуй уян хатан системтэй байдаг төдийгүй ажилтнууд ажлын цагаа өөрсдийн хүсэлтээр урагшлуулж, хойшлуулах боломж нээлттэй байдаг байна. Тэгвэл Финланд улсаас гадна хөрш зэргэлдээх Швед улс мөн ажлын 6 цагтай болох системийг хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлээд эхэлчихсэн бол Франц улсын тухайд түүнээс ч өмнө буюу 2000 оноос эхлэн долоо хоногт ажиллах ёстой нийт цагийг 39 байсныг 35 болгож бууруулах шийдвэр гаргасан юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн тэргүүлэгч байгууллагууд мөн ажилтнуудаа илүү уян хатан цагаар ажиллуулж,  ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах тал дээр анхаарал хандуулж эхлээд байгаа. Тухайлбал Майкрософт компанийн өнгөрсөн онд явуулсан ажлын 4 өдөртэй болох туршилтын хүрээнд ажилтнууд нь дан ганц сэтгэл ханамжтай байгаад зогсохгүй ажлын үр бүтээмж нь илүү сайжирсан үр дүн үзүүлсэн байна.