Түлэнхийн төвийн шинэ барилгыг дулааны шугам сүлжээнд холбож чадаагүйн улмаас зарим ажил хойшлогджээ

Жил бүр төсөв нь ч, барилга нь ч царцдаг "Уламжлалтай" түлэнхийн төвийн шинэ барилгыг энэ онд ашиглалтад оруулах гэж байна. Хэдийгээр өнгөрсөн онд гүйцэтгэгч компаниуд улсад хүлээлгэн өгөх байсан ч зарим шалтгааны улмаас  барилгын ажил зогсоод байсан юм. Тэгвэл одоогоор хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг буюу Б блокоос бусад барилга нь бэлэн болжээ.

Олон улсын стандартаар 2 сая хүн амын дунд түлэнхийн төв байх ёстой байдаг. Түүнчлэн хүн ам өсөхийн хирээр иргэдийн дунд ахуйн түлэгдэлт нэмэгдсээр байгаа нь түлэнхийн төв гэж бие даасан эмнэлэг байх шаардлагатай гэдгийг илтгэдэг. Тиймээс орчин үеийн стандартад нийцсэн, нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар хүргэх "Түлэнхийн төв" эмнэлгийг хуучин суурин дээр нь байгуулахаар болсон.

Түлэнхийн төвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 онд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барьж байгаа. Уг барилга нь үндсэн 3 блоктой. А, C блокын гүйцэтгэгчээр "Цаст констракшн"-тай, В блокын гүйцэтгэгчээр “Нутгийн зам" ХХК-тай гэрээ байгуулж, барилгын ажил үргэлжилж байна. Одоогоор А, С блок баригдсан. Б блок буюу хэвтэн эмчлүүлэгчдийн хэсгийг гүйцэтгэх компанийн гэрээний асуудал болон дулааны узелийг халаалтын улиралд шийдэж чадаагүйн улмаас асуудал өнөөдрийг хүртэл хүндэрчээ.

Барилга угсралтын нийт 6.8 сая ам. долларын төсөвт өртөгтэй бөгөөд 1.2 сая ам.долларын тоног төхөөрөмжийг өнөөдрийн байдлаар Монголд оруулж ирсэн. Эмнэлгийг ашиглалтад оруулмагц ашиглахад бэлэн юм байна.