Хүн ам, орон сууцны тооллогыг уламжлалт болон бүртгэлд суурилсан аргаар хослуулан явуулна

Манай улс 11 дэх удаагаа улсын хэмжээнд хүн амаа болон орон сууцаа тоолох гэж байна. Энэ удаагийн тооллогыг уламжлалт болон цахим хэлбэрээр энэ сарын 9-15-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна. Хилийн чанад дахь монголчуудыг консулын газруудаар дамжуулан тоолно. Энэ удаагийн тооллого уламжлалт буюу цаасан хэлбэрээр бүртгэдэг сүүлийн тооллого болно гэж үндэсний статистикийн хорооноос онцолж байна.

Манай улс анх 1918 онд хүн амаа тоолж, богд хаант монгол улсын хүн ам 647.500 байсан гэдэг түүхтэй. Энэ үеэс хойш 10 орчим жилийн үечлэлтэй хүн амын тооллого тухайн үеийнхээ нийгэм, эдийн засаг, цаг үетэйгээ уялдан зохион байгуулагдаж, 1935 онд ардын хувьсгалын дараах, 1944 онд дайны жилүүдэд хийсэн тооллого,  1956 онд ОУ-ын аргачлалыг ашиглан явуулсан тооллого, 1963 онд цахим тооцоолуур машиныг анх удаа ашигласан, 2000 онд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед, 2010 онд 21-р зууны анхны тооллогыг тус тус явуулсан байдаг. Хамгийн сүүлд явуулсан тооллогоор манай улс 2 сая 754 685 мянган хүнийг цаасан буюу уламжлалт хэлбэрээр бүртгэсэн байна.

Манай улс 2015 онд завсрын тооллогыг анх удаагаа хийсэн бөгөөд бүртгэлд суурилсан аргаар жилийн турш тооллогоо хийсэн. Харин энэ онд ээлжит тооллого явагдах бөгөөд нийт 3 сая 353 мянган хүнийг, 960 гаруй мянган өрхийг тоолно. Ингэхдээ бүх мэдээллийн сангуудыг уялдуулах юм байна.

Тооллогыг зохион байгуулснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгжийн түвшинд өрх, хүн амын суурь мэдээллийг гаргах, хуульд заасан үндсэн үзүүлэлтийг гаргах,  гадаадад оршин суугаа монголчуудын тоог гаргах зорилготой, мөн нийгэм, эдийн засгийн цогц судалгаа учраас уламжлалт бүртгэлийн асуулга нь дэлгэрэнгүй хэлбэрээр явагдана.