Иран улс АНУ-ын цэргийн баазуудад 10 гаруй удаагийн пуужингийн цохилт өглөө

Өчигдөр шөнө Иран улсын талаас Ирак дахь АНУ-ын цэргийн баазад 10 гаруй удаагийн пуужингийн цохилт өгсөн тухай АНУ-ын батлан хамгаалах яам мэдэгдлээ. Иран улсын зүгээс энэхүү үйлдлээ өнгөрөгч долоо хоногт АНУ-ын явуулсан тусгай ажиллагааны үеэр генерал Кассем Сулейманигийн амь үрэгдсэн хэргийн хариуд өшөө авах зорилготой үйлдэл гэсэн тайлбарыг өгчээ.

Одоогоор пуужингийн цохилтын улмаас амь үрэгдсэн болоод гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо хараахан ил болоогүй байгаа ч Ирак улс дахь Эрбиль болон Аль-Асад дахь цэргийн баазууд өртсөнийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулаад АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байгааг мэдэгдээд үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ цаашид авах арга замын талаар хэлэлцэж байгаа тухай цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Одоогоор Ирантай хил залгаа Ирак улсад АНУ-ын 5000 гаруй цэрэг байрлаж байгаа гэсэн тоо баримт байдаг.

Тэгвэл генерал Кассем Сулейманигийн аллагын дараагаар Иран болоод АНУ-ын хоорондох зөрчил улам эрчимжсэнтэй холбогдуулаад Ирак улсын талаас улс эх орноо дайны талбар болгохоос сэргийлж, АНУ тэргүүтэй гадаадын улс орнуудын цэргүүдийг нутаг дэвсгэр дээрээсээ нэн яаралтай гаргах тогтоол баталсан ч АНУ-ын зүгээс Ирак улсын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авна гэсэн сүрдүүлгийг өгсөн юм.

Хэдийгээр Иран улсын энэхүү сөрөг арга хэмжээтэй холбогдуулаад хоёр орны дунд үүсээд байгаа хурцадмал байдал цааш улам эрчимжих нөхцөл байдал үүсээд байгаа ч АНУ-ын талаас хэрэв дахин сөрөг арга хэмжээ авахгүй гэвэл маргаан зөрчлөө үүгээр намжаах хүсэлтэй байгаагаа Иран улсын гадаад хэргийн сайд Жавад Зариф илэрхийлжээ.