Япон улсад гэр хорионд байх үедээ Леван улс руу оргон зайлсан гэгдээд байгаа Ниссан компанийн тэргүүн асан Карлос Гоны эхнэр Кэроль Гоныг баривчлах зөвшөөрөл гарсныг япон улсын прокурорын газар мягмар гарагт мэдэгдсэн байна.

Кэрол Гон нь өнгөрсөн оны 4-р сард Токио хотын шүүхэд дуудагдах үедээ худал ташаа мэдүүлэг өгсөн хэргээр сэжиглэгдэж байгаа юм.

Түүнийг Японы прокурорын газраас Ниссан компанийн Оман дахь дистрибьютер компанийн төлөөлөгчийг танихгүй гэсэн мэдүүлэг өгсөн боловч тухайн төлөөлөгчтэй өмнө нь олон удаа имэйл солилцсон байсан нь тогтоогджээ.

Улмаар Ниссаны экс тэргүүн Карлос Гон тухайн төлөөлөгчийн дансаар дамжуулан "Ниссан" компанийн сангаас Оман дахь компани руу олон сая ам.доллар шилжүүлсэн хэмээн прокурорын газраас үзэж байгаа юм байна.

Нэгэн цагт Японы автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Ниссан компанийг удирдаж, санхүүгийн уналтаас нь аварсан эрхэмд тооцогдож байсан Карлос Гон санхүүгийн тал дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт холбогдож япон улсад 2018 онд баривчлагдаад байсан юм.

Улмаар түүнийг Японы шүүхээс өнгөрсөн оны 4-р сард 1 тэрбум иений барьцаатайгаар батлан даалтаар суллах шийдвэр гаргаж, 24 цагийн хяналтын камерын дор гэр хорионд оруулаад байсан боловч Ливан улс руу оргон зайлсан хэрэг олон улсын анхаарлын төвд ороод байна.

Одоогоор тэрбээр эхнэрийнхээ хамтаар Леван улсад орогнож байгаа бөгөөд Леван улсын тухайд Японтой хэрэгтэн солилцох гэрээ байхгүй тул түүнийг шилжүүлэн өгөх эсэх нь хараахан тодорхойгүй байгаа юм.