АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иран улсын эсрэг хариу цохилт үзүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ

Иран улсаас Ирак дахь АНУ-ын Цэргийн баазуудад цохилт өгсөн үйл явдалтай холбогдуулаад АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Лхагва гарагт албан ёсны мэдэгдэл хийлээ.Тэрбээр Иран улсаас явуулсан халдлагын үеэр АНУ болоод Иракын нэг ч цэрэг амь үрэгдээгүй болохыг онцлон тэмдэглээд, Цэргийн баазууд нь бага зэргийн хохирол амссан ч энэ нь ноцтой явдал биш тул Иран улсад хариу цохилт өгөхгүй гэдгээ мэдэгджээ.Өнгөрөгч долоо хоногт долоо хоногт АНУ-ын явуулсан тусгай ажиллагааны үеэр Иран улсын генерал Кассем Сулеймани амь үрэгдсэн хэргийн хариу болгож Иран улсын талаас орон нутгийн цагаар мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Ирак улсын Эрбиль болон Аль Асад дахь АНУ-ын цэргийн баазууд хэд хэдэн удаагийн пуужингийн цохилт өгч, Ойрх дорнодын бүс нутгаас АНУ-ын цэргүүдийг хөөн гаргана хэмээн сүрдүүлж байсан юм.Тэгвэл Ирак дахь пуужингийн цохилтын хариуд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсын эсрэг цэргийн арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдсэн ч тус улсын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавих шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэр бээр Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж, 2015 онд Ирантай дэлхийн томоохон гүрнүүдийн байгуулсан цөмийн гэрээг шинэчлэхийг уриалжээ.