Австрали улсад Ой хээрийн түймрийн цар хүрээ улам тэлсээр байна

Өнөөдрөөс эхлэн австрали улсын зүүн өмнөд хэсгээр агаарын температур цельсийн 40 хэмд хүрч, салхины эрч чангарах төлөвтэй байгаагаас шалтгаалан тус улсын гурван ч томоохон мужид дэгдсэн ой хээрийн түймэр цар хүрээ улам тэлэх аюултай байгааг мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулжээ.

Одоогоор тус улсад ой хээрийн түймрийн улмаас 27 хүн амь үрэгдэж, 8 сая  га талбай үнс нурам болон хувираад байгаагийн зэрэгцээ 2000 гаруй байшин барилга шатаж сүйдсэн гэх тоо баримт байгаа юм.Энэ нь өнгөрөгч онд АНУ-ын Калифорни мужид дэгдсэн ой хээрийн түймрээс цар хүрээний хувьд даруй 8 дахин их байгааг судлаачид мэдээлж байна.

Түүнчлэн түймрээс үүдэлтэй утаа униарын улмаас Сидней хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, оршин суугчдын тухайд өдөрт 37 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний бохирдолтой агаараар амьсгалж байна гэх тооцоо гараад байгаа юм.Өнөөдөр буюу пүрэв гарагаас эхлэн тус улсын Шинэ Өмнөд Уэльс, Викториа, Өмнөд Австрали гэсэн гурван мужид агаарын температур дахин цельсийн 40 хэм давах төлөвтэй байгаагаас үүдээд оршин суугчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авснаа албаныхан мэдэгджээ.

Шинжээчдийн зүгээс одоогоор гамшгийн үеэр хорогдсон ан амьтдын тоог 1 тэрбум орчим хэмээн тооцоолоод байгаа бөгөөд энэ нь урт хугацаандаа байгалийн эко систем алдагдах эрсдэлийг бүрдүүлж байна хэмээн анхааруулсан байна.Түүнчлэн ой хээрийн түймэр газар авсан энэ цаг үед санаатайгаар гал түймэр тавьсан 200 орчим хүнийг баривчилсан гэх мэдээлэл цахим ертөнцөд газар аваад байгаа нь худал ташаа мэдээлэл болохыг албаны эх сурвалжууд мэдэгдээд ой хээрийн түймрийг өдөөгч гол хүчин зүйлүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хэт хуурайшилт, ган гачиг зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг мэдээлжээ