Уул уурхайн салбарын ажилтнууд ажил, амралтын хуваарийг 14/14 болгохыг шаардлаа

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос уул уурхай,  олборлох салбарын ажил амралтын хуваарийг 14/14 буюу ажиллах хоног 14, амралтын хоног 14 байхаар хөдөлмөрийн тухай хуульд тусгахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

Учир нь уул уурхайн салбарын ажил, амралтын зохисгүй хуваариас шалтгаалан ажиллагчдын гэр бүл, нийгэм, сэтгэл зүйн байдалд олон сөрөг үр дагавар үүсдэг байна.

-Манай улсад өнөөдрийн байдлаар 57.6 мянган хүн уул уурхайн салбарт ажилладаг гэсэн судалгаа байна.

-Тэгвэл сүүлийн 5 жилийн хугацаанд уул уурхайн салбарт 328 осол бүртгэгдэж, 139 гэмтэж, 38 хүн нас баржээ.

-Уул уурхайн дээрх осол гэмтлийн шалтгааныг уурхайчид уурхай дээр 40 хүртэл хоногоор байрлан олон цагаар ажиллаж байгаагаас үүдэж байгааг үйлдвэрчний эвлэлээс онцолж байгаа юм.

-Үүнээс гэр бүл салалтын томоохон шалтгааны нэг нь гэр бүлийн гишүүд хол тусдаа байснаас үүддэгийг судалгаагаар тогтоосон. Үүнд уул уурхайн салбарын ажиллагчид хамаарч тус салбарт гэр бүл салалт ихэссэн гэдгийг Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчдийн эвлэлийн холбооноос мэдээлж байна.

Улсын их хуралд өргөн бариад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад уул уурхай олборлох салбарт уртын ээлжээр ажиллуулахдаа ажлын хоногийг 20-оос ихгүй, амралтын өдрийг 10-аас багагүй байхаар тусгажээ. Гэтэл энэ нь амьдралынхаа гуравны хоёрыг ажилдаа, гуравны нэгийг хувийн амьдралдаа зарцуул гэж байгаатай агаар нэг болохыг Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шүүмжилж байна.

Уул уурхайн салбарт ажиллагчид уртын ээлжээр ажилладгаас үүдэж ажилтны эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн амьдралд нөлөөлж, тэр дундаа гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж гэр бүл салалтад хүргэж байгааг онцолж байна. Манай улсын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай салбар ч гэлээ ихэнх топ аж ахуй нэгжүүд хүний эрхийг зөрчиж, 20-40 хоногийн уртын ээлжээр ажиллуулж байгаа нь ажил амьдралын тэнцвэр алдагдахад хүргэж байгааг онцолж байна.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уул уурхайн салбарын ажил амралтын хуваарийг 14/14 буюу ажиллах хоног 14, амрах хоног 14 байхаар тусгах шаардлагыг улсын их хурлын даргад хүргүүлж байгаагаа Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ.