Сонсголгүй иргэдэд мэдээллийг дохионы хэлний хэлмэрч, орчуулагчгүйгээр хүргэх нь өнгөгүй зурагтай ижил

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий хуульд телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Хуулийн дагуу телевизүүд  эхнээсээ дохионы хэлмэрч, орчуулагчийг ажиллуулж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж эхэлсэн ч энэ нь хангалтгүй байгаа юм. Гэхдээ цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр тусмаа сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төрийн байгууллагууд ч мэдээллээ дохионы хэлмэрчтэй хүргэх шаардлагатай байна.

Сонсголын бэрхшээлтэй 13 мянга орчим иргэн өдөр тутам  мэдээ мэдээлэл, төр засгийн шийдвэр хэвлэмэл биш, эсвэл дохионы хэлмэрчгүй бол хэзээ ч хүлээн авч чадахгүй. Нэгэн жишээг дурдвал 12-р сарын 31-нд ерөнхийлөгч ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэхэд сонсголтой хүмүүс тухайн мэдээллийг ойлгоод баярлаж байхад, сонсголгүй хүмүүс мэдээллийн утгыг дараа өдөр нь хүлээн авсан нь мэдээллийн хүртээмж ямар хэмжээнд байгаа гэдгийг харуулж байна.

Манай улсын хэмжээнд 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Эдгээр иргэдийн 13 мянга орчим нь сонсголын бэрхшээлтэй. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл бол дохионы хэл бөгөөд харах хүртэхүйгээр дамжуулан сонсох хэрэгцээгээ нөхдөг. Гэтэл мэдээлэл, нэвтрүүлгийг сонсголын бэрхшээлтэй иргэд хүлээн авахдаа эх хэл болсон дохионы хэлээр үзэж чадахгүй, харин зөвхөн оройн цагаар зарим телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр  л дохионы хэлмэрчийн тусламжтайгаар мэдээллийг авч байна.

Өнөөдөр бид сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг эхний байдлаар хөндлөө. Дараагийн мэдээгээр сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдлүүдийг хүргэх болно.