Капитал банканд байршуулсан ХЭДС-ийн мөнгөний үлдэгдэл, алданги, хүү 3.8 тэрбум төгрөгт хүрчээ

Капитал банкийг татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоогоод 10 сар орчим болж байна. Тус банканд төрийн зарим сангийн мөнгийг байршуулсан байсны нэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн эх үүсвэр юм. Одоогоор 3.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл, хүү, алдангийн мөнгө байсан нь тогтоогдсон бөгөөд банкны эрх хүлээн авагчаас тодорхой эрэмбийн дагуу буцаан авах юм байна.

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан" нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн дэмжлэг, жижиг зээл олгож ажлын байр нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах зорилготой. Гэтэл сүүлийн 2 жил гаруйн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө Капитал банкны асуудалтай холбоотойгоор түгжигдээд байна. Учир нь 2015 оны 9-р сарын 23-нд хөдөлмөрийн сайд Капитал банктай гэрээ байгуулж, 7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг байршуулсан байдаг. Улмаар гэрээний хугацаа 2018 оны 3-р сарын 23-нд дуусаж, эх үүсвэрийг буцаан төвлөрүүлэх ёстой байсан ч 2018 оны байдлаар төвлөрүүлээгүй байсан нь сангийн яамнаас ХЭДС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үеэр тогтоогдсон. Тухайн үед 4.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, мөн эх үүсвэр зээлд гаргаагүй алданги хугацаа хоцроосон гэх 1.7 тэрбум төгрөг төлүүлэх шаардлагатай байсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг арилжааны 3 банкаар дамжуулан олгодог. Үүний нэг нь Капитал банк бөгөөд нэгэнт 2019 оны 4-р сард татан буулгах шийдвэр гарсан тул Монголбанкны эрх хүлээн авагч авсан. Эргэн төлүүлэх ажил банкны эрх хүлээн авагчийн үүсгэсэн эрэмбэ дарааллын дагуу буцаан төлөгдөх юм.

Мөн Капитал банк шиг татан буугдсан Анод банк нь 2005-2008 онд ХЭДС-ийн жижиг зээлийг олгож байсан. 2008 онд байршуулсан эх үүсвэрийн үлдэгдэл 2012 оны байдлаар 863 сая төгрөг байсан бөгөөд одоог хүртэл буцаан төвлөрүүлээгүй байна.