УИХ-ын сонгуулийн жилд ХМХ-үүд улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, санал асуулга зохион байгуулж болохгүй

Өмнөх сонгуулиудаас сургамж авсан асуудлууддаа өөрчлөлт оруулж, 2019 оны 12-р сарын 20-нд баталсан УИХ-ын сонгуулийн хуулиар далд аргаар буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрийн чансаа тогтоох зорилготой шалгаруулалт явуулах зөрчлийг хуульчилж, зохион байгуулахааргүй болгожээ.

Учир нь сонгуулийн жилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санаатай болон санаандгүй байдлаар улс төрийн чансаа тогтоох зорилготой шалгаруулалт, санал асуулга явуулж, хууль зөрчих эрсдэлтэй. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш буюу 2020 оны 1-р сарын 1-ээс хойш санал авах өдрийг дуустал хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дараах үйл ажиллагааг явуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах, цахим хуудасны хандалтыг түр хугацаанд зогсоох дүгнэлтийг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас  гаргах юм байна.

Тухайлбал радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлах. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахгүй байх.  Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахгүй байхыг хуульчилжээ.

Сонгуулийн санал хүлээн авах өдрийг дуустал хугацаанд иргэд, ШӨХТГ хуулийн уг заалтуудад хяналт тавина. Мөн тусгай дугаарын 1800-1284 утсанд мэдээлэл өгөх боломжтой юм байна.