Иран улсын харвасан пуужин Украины онгоцыг унагаасан байж болзошгүй хэмээн таамаглаж байна

Өнгөрөгч лхагва гарагт Иран улсаас АНУ-ын цэргийн баазууд руу пуужингийн цохилт өгсөн үйл явдлаас хэдхэн цагийн дараа Украины иргэний агаарын тээврийн Боинг 737-800 нисэх онгоц Тегеран хотод осолдож, 176 хүн бүгд амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан юм.

Тэгвэл ослын шалтгааныг тогтоох эхний шатны дүгнэлтээр онгоцны хөдөлгүүрт гарсан гэмтэлтэй холбоотой байж болзошгүй гэсэн тайлбарыг Иран улсын талаас өгөөд байгаа ч онгоцыг тус улсын пуужин харваж унагаасан байх магадлалтай хэмээн үзэж байгаагаа канад болон их британийн эрх баригчид мэдэгджээ.

Тодруулбал осол гарсан цаг болоод хиймэл дагуулаас авсан мэдээллийг шинжилж үзэхэд Иран улсын пуужингаас хамгаалах систем Украины онгоцыг АНУ-ын байлдааны онгоцтой андуурч цохилт өгсөн байх магадлалтай гэж барууны хэвлэл мэдээллүүдээр бичиж байгаа юм.

Иран улсын Тегеран хотоос Украины Киев хотыг чиглэн хөөрсөн тус онгоцонд Иран, Украин, канад, герман, их британи, Афганистан, Швед гэсэн нийт 7 орны 176 хүн зорчиж явсан байна. Тэдгээрээс Иран улсын 82, канад улсын 63 иргэн зорчиж явсан гэх мэдээлэл байгаа юм.  Үүнтэй холбогдуулаад Канад улсын ерөнхий сайд Жастин Трудө онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалтын ажлыг олон улсад нээлттэй явуулах ёстой гэсэн шаардлагыг Иран улсын талд хүргүүлжээ.

Олон улсын нислэгийн хуулиар мөрдөн шалгалтын ажлыг тухайн осол гарсан орон буюу Иран улс гардан явуулах эрхтэй ч тухайн онгоцны үйлдвэрлэгч компани мөн мөрдөн шалгалтын үйл явцад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах явдал нээлттэй байдаг байна.

Тэгвэл АНУ-тай хурцадмал харилцаатай байгаа Иран улсын зүгээс онгоцны хар хайрцгийг Боинг компани тэр дундаа АНУ-д шилжүүлэн өгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлээд, хэрвээ Украин улсын талаас хүсвэл мөрдөн шалгалтын ажилд оролцох нь нээлттэй гэсэн хариултыг өгөөд байгаа юм.