Манай улсын хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна

Нэг хүнд сард шаардлагатай илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын  бусад бараа, үйлчилгээнд шаардагдах зардлыг "Ядуурлын шугам" гэдэг. Үндэсний ядуурлын шугам 2018 онд 166.580 төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл нэг хүний сарын дундаж хэрэглээ дээрх дүнгээс бага бол ядуу гэх ангилалд багтана гэсэн үг юм. Тэгвэл манай улсын нийт хүн амын 28.4 хувь буюу 904 мянган хүн 166.580 төгрөгийн хэрэглээг хангаж чадахгүй ядуу амьдарч байна.

Манай улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувьтай байсан бол 2018 онд 28.4 хувьд хүрч 1.2 хувиар буурсан. Гэсэн ч манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтсан хэвээр байгаа юм. 2018 онд гарсан ядуурлын түвшний судалгаагаар ядуу иргэдийн 51.5 хувь нь зээлтэй, 39.1 хувь нь боловсролгүй, 68.9 хувь нь 8-с дээш ам бүлтэй байна. Харин ядуурлын гүнзгийрэлт 7.2 хувьтай байна.

Тэгвэл нийт хүн амд ядуу хүн амын эзлэх хувь хотод 63.5 хувь, хөдөөд 36.5 хувь байгаа юм. Хот суурин газарт ядуу хүн амын эзлэх хувь өндөр байгаа нь дэд бүтцээс шалтгаалж байгааг эдийн засагчдын төлөөлөл онцолж байна. Харин ядуурлыг бууруулахын тулд гурван төрлийн бодлогын арга хэмжээ авах боломжтой гэж үздэг байна. Тэгвэл ядуурлын шугамаас дээгүүр байгаа хүн ам, тэдгээрийн бүтээмж, эдийн засгийн чадамж, өрхийн орлого сайжирснаар ядуурлын түвшин буурахад нөлөөлж улс орны эдийн засаг сайжрахад чухал гэж үздэг. Ялангуяа нийгмийн олонх дундаж давхарга нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд анхаарч үзэх хэсэг гэдэг байна.