Гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдийн ажиллах орчныг дэмжих хэрэгтэй

Иргэд амьжиргаагаа сайжруулах үүднээс гадаад улс руу хөдөлмөрийн гэрээгээр нарийн мэргэжил, ур чадвар үл шаардах энгийн ажил хөдөлмөр эрхлэхээр явсаар байгаа нь, манай улсын хөдөлмөрийн зах зээл, ажлын байр, цалин хөлс хангалтгүй байгааг харуулж байна.

Тэр дундаа бүгд найрамдах солонгос улс руу манай улсаас 2006 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 40 мянган хүн хөдөлмөрийн гэрээгээр явж ажиллажээ. Жилд дунджаар 700-1000 хүн Бүгд найрамдах солонгос улс руу явж байна гэсэн судалгаа байна. Тус улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс нарийн мэргэжил, ур чадвар үл шаардах буюу хар ажил хийхээр явдаг.  Өөрөөр хэлбэл улсдаа дээд боловсрол эзэмшиж диплом өвөртөлсөн иргэд мэргэжлийнхээ дагуу амьжиргаагаа залгуулах цалин орлоготой ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй учраас гадна орныг зорьж байгаа юм. Тэгвэл хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж амьжиргаагаа дээшлүүлээд ирж байгаа иргэдийн хөдөлмөрлөх орчныг дэмжих хэрэгтэйг албаны хүмүүс онцолж байна. Нөгөө талаас гадаадад ажиллаад эргэн эх орондоо ирсэн ч ажлын байр, цалин орлогын асуудал тулгамддаг болохыг иргэдийн төлөөлөл ярьж байгаа юм.

Гадаадад ажил хөдөлмөр эрхлээд ирсэн хүмүүс тухайн улс оронд ур чадвар туршлага олж авсан ажлаараа ажиллах сонирхол байдаг ч боломж тэр бүр байдаггүй талаар ярьж байгаа юм. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг дунд бизнес эрхлэх боломжийг сайжруулах хэрэгтэйг иргэдийн зүгээс онцолж байна.