Филиппин улсад галт уулын идэвхжилийн улмаас 8000 хүнийг нүүлгэн шилжүүлж эхэллээ

Филиппин улсын нийслэл Манила хотын өмнөд хэсэгт орших "Таал" хэмээх галт уул өнгөрөгч ням гарагт идэвхжиж эхэлсэнтэй холбогдуулаад тухайн бүс нутагт оршин суудаг 8000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Ойрын өдрүүдэд тус галт уул дээр томоохон хэмжээний дэлбэрэлт гарах магадлалтай байгаагаас шалтгаалаад Манилагийн олон улсын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хааж, 4-р зэргийн аюулын түвшин зарлах шийдвэр гаргаснаа албаныхан мэдэгджээ. Түүнчлэн Филиппиний галт уул, газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй цунами гарах эрсдэл өндөр байгаа тул оршин суугчдыг нэн даруй аюулгүй газар руу нүүхийг анхааруулсан байна. Манила хотоос 60 километрийн зайд оршдог "таал" хэмээх энэхүү галт уул нь хэдийгээр дэлхийн хамгийн жижиг галт уулуудын нэгт тооцогддог ч хамгийн идэвхтэй нь төдийгүй сүүлийн 450 жилийн хугацаанд дор хаяж 34 удаа дэлбэрсэн гэх тооцоог судлаачид танилцуулаад байгаа юм.

Өнөө өглөөний байдлаар галт уулын тогооноос халуун лав цацагдаж эхэлсэнтэй холбогдуулаад ойр орчмын тосгонуудыг үнс нурам хучиж, улмаар оршин суугчдыг амны хаалт зүүхийг  уриалаад байна. Филиппин улсын тухайд номхон далайн галын цагариг хэмээн нэрлэгддэг газар хөдлөлт болоод галт уулын өндөр идэвхжилтэй бүс нутагт оршдог тул энэ төрлийн байгалийн онц ноцтой үзэгдэл гарах явдал түгээмэл байдгийг мэргэжилтнүүдийн зүгээс онцолж байгаа юм.