Тайваньд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд Цай Инвэнь ялалт байгууллаа

Тайваньд өнгөрөгч бямба гарагт явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Цай Инвэнь үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2024 он хүртэл Тайванийн төрийг удирдахаар боллоо.

Энэ удаагийн сонгууль нь эх газрын Хятад болон Тайванийн ирээдүйн харилцаа, цаашлаад бүс нутгийн тогтвортой байдал хэрхэн эргэхийг шийдвэрлэх өндөр ач холбогдолтой санал хураалтад тооцогдож байсан юм. Тэгвэл санал хураалтын дүнгээр 57 хувийн санал авч ялалт байгуулсан Цай Инвэний зүгээс эх газрын Хятадад хандаж, Тайванийг цэргийн хүчээр нэгтгэнэ гэсэн сүрдүүлгээсээ ухрах хэрэгтэйг сануулаад, нэг Хятад бодлогын эсрэг тууштай тэмцэнэ гэсэн амлалтыг өгсөн байна

Түүнчлэн тэр бээр энэ удаагийн сонгуулийн дүн нь Тайванийн ард түмэн ардчилсан, чөлөөт засаглалыг хэр хэмжээнд дээдэлдэг болохыг батлан харуулсан үйл явдал болсныг онцлон тэмдэглээд эх газрын Хятадаас Тайванийн эсрэг заналхийллээ зогсоосон цагт энх тайван байдал тогтоно хэмээн мэдэгджээ. Хятадын иргэний дайны он жилүүдэд коммунист намд ялагдал хүлээсэн гоминьданчууд хятадын эх газраас 160 километрийн зайд байрлах арал дээр өөрсдийн засаг захиргаагаа байгуулсан нь Тайвань бөгөөд иргэний дайны төгсгөлд буюу 1949 онд тусгаар тогтнолоо зарласан ч хятад улсын талаас өнөөг хэр нь Тайванийг өөрсдийн салшгүй нэг хэсэг хэмээн хатуу байр суурь баримталдаг байна.

Улмаар өнгөрөгч онд БНХАУ-ын дарга Си Зиньпин  "Нэг хятад" бодлогын хүрээнд Тайваныг эх газрын Хятадтай Тайван замаар нэгдэхийг уриалж  шаардлагатай гэж үзвэл цэргийн хүч ашиглахад бэлэн гэдгээ анхааруулсан ч  ерөнхийлөгч Цай        Инвэний  зүгээс хятадын "Нэг улс, хоёр систем" бодлогыг Тайванийн 23 сая иргэн хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариултыг өгөөд байгаа юм.