Франц улсад тэтгэврийн системийн өөрчлөлтийг эсэргүүцсэн ажил хаялт 40 дэх өдрөө үргэлжилж байна

Франц улсад тэтгэврийн системд орсон өөрчлөлттэй холбоотойгоор өнгөрөгч оны 12-р сараас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаанууд өдгөө 40 дэх өдрөө үргэлжилж байна.

Улмаар эсэргүүцлийн хөдөлгөөний хүрээн дэх үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтын улмаас тус улсын галт тэрэг, метро, автобус зэрэг нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч, олныг хамарсан эмх замбараагүй байдал газар аваад байгаа юм.

Үүнтэй холбогдуулаад Франц улсын ерөнхий сайд Эдуар Филипп үйлдвэрчний эвлэлүүдийг ажил хаялтаа зогсоохыг уриалж, тэдний зарим шаардлагад уян хатан хандахаа амласан ч тэмцэгчдийн зүгээс засгийн газартайгаа зөвшилцөлд хүрэх хүртэл эсэргүүцлийн жагсаалуудаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

Франц улсын одоогийн тэтгэврийн систем нь хувийн болон төрийнх зэргээр дотроо 42 төрөлд хуваагддаг бөгөөд ерөнхийлөгч Эммануэл Макроны зүгээс үүнийг олон улсын жишигт нийцүүлэн илүү эрх тэгш хүртээмжтэй байлгахаар зохицуулах оролдлого хийж байгаагаа мэдэгджээ.

Тэгвэл энэхүү өөрчлөлтийн хүрээнд жолооч, багш, гал сөнөөгч, хуульч тэргүүтэй бусад салбарын ажилтнуудад олгох тэтгэврийн хэмжээ буурч, тэтгэвэрт гарах нас уртсах эрсдэл үүсэж байгаа нь иргэдийн уур бухимдлыг өдөөгөөд байгаа юм.

Франц улсад сүүлийн 10 жилд тэтгэврийн насыг 60 байсныг 62 болгож нэмэгдүүлсэн нь бусад чинээлэг орнууд дотроосоо харьцангуй эрт тогтоосонд тооцогддог. Тухайлбал Их Британид л гэхэд тэтгэврийн нас 66-67 байдаг юм байна.