АНУ, БНХАУ худалдааны эхний шатны гэрээнд энэ долоо хоногт гарын үсэг зурна

АНУ-ын сангийн яам БНХАУ-тай худалдааны маргаантай байдлаа шийдвэрлэх зорилтынхоо хүрээнд тус улсыг валютын манипуляц хийгч улсуудын жагсаалтаас албан ёсоор хасаж байгаагаа мэдэгдлээ.

Тус улсын зүгээс өнгөрсөн оны 8-р сард БНХАУ-ыг валютын ханшийг зохиомлоор бууруулах замаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж, гадаад худалдаанд давуу байдал эдлэхийг оролдож байна хэмээн буруутгаж, Хятад улсыг валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулаад байсан юм.

Дэлхийн хэмжээнд манипуляцийг хориглох заалт 2003 онд олон улсын санхүүгийн зах зээлийн холбооноос гишүүн орнуудад мөрдөж ажиллах зарчмыг баталсан байдаг.

Тэгвэл Хятад улсыг валютын манипуляц хийгч орнуудын жагсаалтаас хасах энэхүү шийдвэр нь хоёр орны энэ лхагва гарагт явагдахаар төлөвлөгдсөн худалдааны яриа хэлэлцээрээс хэдхэн хоногийн өмнө болж байгаагаараа өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Тодруулбал хоёр орны дунд удаан хугацааны турш яригдаж байгаа худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны гэрээнд талууд энэ долоо хоногт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулаад БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй албаны төлөөлөгчид Вашингтоныг зорьсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.