Худал мэдээлэл тараасан бол эрүүгийн хуулийн дагуу ял шийтгэл онооно

Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох тухай заалтыг 2017 онд бүр мөсөн хассан нь хууль, эрх зүйн орчинд нэг алхам урагшилсан явдал болсон гэж үздэг. Ингэхдээ зөрчлийн тухай хуульд зүсийг нь хувиргаад нэмж оруулж, гурван жилийн хугацаанд гүтгэх, доромжлохтой холбоотойгоор  2019 оны 10-р сарын байдлаар 900 орчим гүтгэх зөрчил бүртгэгджээ.  Гэсэн ч салбар, салбартаа маргаантай байсан хуулийн заалтыг дахин өөрчлүүлэхээр хэлэлцсэний эцэст нь эрүүгийн хуульд "Худал мэдээлэл тараах"  гэх заалтаар зүс нь өөрчлөгдөн батлагдсан юм. 

Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 7-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн 6.21-т буюу гүтгэх заалтад хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр нийтэд дэлгэсэн, тараасан бол 2000-20000 нэгжээр торгох шийтгэлтэй байсан. Харин эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зөрчлийн хуулийн уг заалтыг эрүүгийн хуульдаа дахин шингээсэн. Хэдийгээр мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл дээрх заалтыг эрүүгийн хууль руу оруулахыг эсэргүүцэж, зөрчлийн хуульдаа өөрчлөлт оруулах санал тавьж байсан ч зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалт нэмэлт өөрчлөлт орсон эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт буюу худал мэдээлэл тараах гэж зүсээ хувирган орж иржээ.

Зөрчлийн хуулийг 2017 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш 2019 оны 10-р сарын 22-ны байдлаар Глоб интернэшнл ТББ-аас гаргасан судалгаагаар 870 гаруй зөрчил бүртгэгдсэн.  2017 онд 4 сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн байгууллага, 2019 оны 9-р сарын байдлаар 4 сэтгүүлч, 1 хэвлэл мэдээллийн байгууллага тус бүр торгох шийтгэл хүлээжээ. Харин нэмэлт өөрчлөлт оруулсан эрүүгийн хуулиар  торгуулийн хэмжээ багассан, мэдээллийн хэрэгслээр тараасан гэх үгийг бүрэн хассан гэдгийг онцолж байна.

Харин сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн алдааг Иргэний хууль болон Эрүүгийн хуулиар шийдвэрлэлгүйгээр хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар зохицуулах шаардлагатай гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс үзэж байна. Одоогоор хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм байна.