Улсын хэмжээнд 10.000 хүүхэд тутамд  долоон  хүүхдийн эмч ногдож байна

Хүн амын хувьд залуу бүтэцтэй, нийт хүн амын гуравны нэгийг хүүхэд, залуус эзэлдэг манай улсад хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн хүрэлцээ, хангамж чухал асуудал юм. Тэгвэл  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 1965 -1996 он хүртэл  хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэн гаргасан ч өнөөдрийн түвшинд хүүхдийн эмч хангалтгүй байна.

-2018 оны статистик мэдээллээр манай улсад 0-14 насны хүүхэд нийт хүн амын 31.2 хувийг эзэлж байна.

-Тэгвэл 2018 оны байдлаар хүүхэд, өсвөр насныхны өвчлөл өмнөх онуудаас нэмэгдэх Хандлагатай байгааг эрүүл мэндийн салбарын статистик мэдээлэлд онцолсон байна.

-Манай улсын хэмжээнд 2018 оны байдлаар хүүхдийн 709 эмч ажиллаж байгаа нь

-10.000 хүүхэд тутам 7.1 эмч ногдож байна. Өөрөөр хэлбэл нэг эмчид 1400 гаруй хүүхэд оногдож байгаа нь нэг их эмчид ногдох хүний улсын дунджаас 5 дахин их байна.

Хүүхдийн анагаахын академийн 2019 онд хийсэн судалгаагаар манай улсад 1200-1300 хүүхдийн эмч шаардлагатай байгааг тогтоожээ. Гэтэл манай улсад хүүхдийн 709 эмч байгаа нь шаардлагатай хүүхдийн эмчээс хоёр дахин бага байгаа юм. Ялангуяа орон нутагт хүүхдийн эмчийн хүрэлцээ муу байгааг албаны хүмүүс онцолж байна. Тиймээс энэ оноос эхлэн төгсөлтийн өмнөх 6 жилийн  танхимын сургалтаар хүүхдийн нарийн мэргэжлийн эмч бэлтгэх мэргэжлийн ангийг 23 жилийн дараа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд дахин нээхээр болжээ. Мөн 2017 онд Засгийн газраас баталсан "Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрт өрх сумын эмнэлгийг хүүхдийн эмчээр хангах талаар тусгасан байдаг. Мөн 2013 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хийсэн "эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал" үндэсний хэмжээний судалгаагаар улсын хэмжээнд анхан шатны тусламж үйлчилгээний 70-80 хувийг  хүүхдийн үзлэг эзэлж байсан нь өрх сумын эмнэлэгт хүүхдийн эмчийн орон тоо зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 1996 оноос төгсөлтийн дараах хоёр жил хүүхдийн эмчээр мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулаад 23 жил болжээ. Энэ зохион байгуулалтаар их эмчээр төгссөн төгсөгчид хүүхдийн нарийн мэргэжлээр мэргэших байдал нийт хүн амд эзлэх хүүхдэд хангалттай хэмжээнд хүрч чадаагүй өнөөг хүрсэн юм. Тэгвэл 2019 оны наймдугаар сард Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэх  хүүхдийн анагаахын 6 жилийн хөтөлбөрийг зохион байгуулахаар баталсан.