Иран улс Украины онгоцыг харвасан хэргийн сэжигтнүүдийг баривчилжээ

Иран улсын зүгээс Украины иргэний агаарын тээврийн Боинг 737-800 онгоцыг харваж унагасан хэрэгтэй холбогдуулан энэхүү хэрэгт голлох үүрэгтэй оролцсон гэгдэж байгаа хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан тухайгаа мэдэгдсэн байна. Өнгөрөгч долоо хоногт Иран улсын талаас Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад пуужингийн цохилт өгсөн үйл явдалтай зэрэгцээд Украины иргэний агаарын тээврийн нисэх онгоц Тегеран хотод 176 хүнтэйгээр осолдсон хэрэг гарсан юм.

Иран улсын зүгээс эхэндээ энэхүү ослыг хөдөлгүүрт гарсан гэмтэлтэй холбон тайлбарлаж байсан боловч осол гарснаас гурван хоногийн дараа өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, санамсаргүй байдлаар харван унагаснаа мэдэгдсэн байна. Тодруулбал тухайн үед Иран улс байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байсан тул пуужингийн хамгаалалтын системийн оператор  Украины онгоцыг АНУ-ын пуужинтай андуурч цохилт өгсөн гэж хувьсгалт гвардын албаныхан тайлбарлажээ.

Одоогоор энэхүү хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд Иран улсын ерөнхийлөгч хассан Рухани гэм буруутай этгээдүүдэд хатуу шийтгэл оногдуулахаа мэдэгдээд байгаа юм. Харин энэхүү осолд өөрсдийн иргэдээ алдсан канад, их британи, Украин зэрэг орнуудын зүгээс Иран улсыг хэргийн үнэн мөнийг тогтоохыг шаардаж,  Иран улсын эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр энэ пүрэв гарагт английн нийслэл Лондон хотноо уулзалт хийхээр товложээ.