Филиппин улсад томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлт дахин гарч болзошгүй байна

Филиппин улсын нийслэл Манила хотын өмнөд хэсэгт орших "Таал" хэмээх галт уул өнгөрөгч ням гарагт идэвхжиж эхэлсэнтэй холбогдуулаад тухайн бүс нутагт оршин суудаг  20 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад байгаа юм. Тэгвэл мягмар гарагийн байдлаар галт уулын тогооноос халуун Лава оргилж, ойролцоох бүс нутгуудыг үнс нурам бүрхээд байгаагийн зэрэгцээ ойрын өдрүүдэд тус галт уул дээр дахин томоохон хэмжээний дэлбэрэлт гарч болзошгүй байгаатай холбогдуулаад  иргэдийг сонор сэрэмжтэй байхыг албаныхнаас анхааруулаад байна.

Манила хотоос 60 километрийн зайд оршдог "Таал" хэмээх энэхүү галт уул нь хэдийгээр дэлхийн хамгийн жижиг галт уулуудын нэгт тооцогддог ч хамгийн идэвхтэй нь төдийгүй хамгийн аюултай галт уулуудын нэгт тооцогддог. Тухайлбал 1911 онд тус галт уул дээр дэлбэрэлт гарах үед 1300 хүн амь үрэгдэж байсан бөгөөд сүүлийн 450 жилийн хугацаанд нийтдээ 35 удаа дэлбэрч байсан гэх тоо баримт байдаг юм байна. Түүнчлэн энэхүү галт уулын идэвхжил хэдэн өдрөөр ч хамаагүй үргэлжилдэг бөгөөд 1754 онд л гэхэд долоон сарын турш үргэлжилж байсан гэдэг. Мягмар гарагт галт уулын тогооноос цацагдсан халуун Лава 500 метрийн өндөрт оргилж, ойр орчмын тосгонуудыг үнс нурам хучиж эхэлсэнтэй холбоотойгоор амны хаалтын эрэлт эрс нэмэгдэж, үнэ нь хэд дахин өссөн байна. Түүнчлэн галт уул идэвхжиж эхэлсэн цагаас хойш Филиппин улсад нийтдээ 200 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний дээр дэлбэрэлтээс үүдэлтэй цунами гарах эрсдэл өндөр байгааг тус улсын галт уул, газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгээс сэрэмжлүүлжээ.