Намуудын мөрийн хөтөлбөрт боловсролын асуудлыг хэрхэн тусгасныг олон нийтэд танилцуулна

Манай улс боловсролын салбартаа реформ хийх шаардлагатай гэж үзэж байгаа салбар салбарын төлөөллүүд нэгдэж "Боловсролын реформ хөдөлгөөн"-ийг байгуулж байгааг албан ёсоор зарлалаа. Тэдний зүгээс эрүүл бус улс төр боловсролын салбарыг сулруулж байна гэж үзэж байгаа юм. Тиймээс УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудын хөтөлбөрт тусгагдсан боловсролын реформ хийх бодлогыг олон нийтэд танилцуулж, тухайн бодлого хөтөлбөрүүдийг үнэлж цэгнэж сонголт хийхийг эцэг эхчүүд, залуу сонгогчдод уриалах юм байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан "Дэлхийн өрсөлдөх чадварын 2019 оны судалгаагаар монгол өндөр ур чадвартай мэргэжилтний олдцоороо 141 орноос 139 дүгээрт, 2017 онд гаргасан " хүний хөгжлийн тайлан"-д монгол улс боловсролын чанарын үзүүлэлтээрээ 187 улсаас 101-т жагссан байдаг. Дээрх судалгаа статистик болон өөр олон үзүүлэлтүүд манай улсад боловсролын чанар, хүртээмж хангалтгүй байгааг харуулж байгааг боловсролын реформ хөдөлгөөнөөс онцолж байна.

Мөн Монгол хүүхэд хаана амьдарч байгаагаас шалтгаалж элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 50 хүртэл онооны зөрүүтэй, төрийн болон төрийн бус өмчийн сургуульд сурч байгаагаас шалтгаалж 182 хүртэл онооны зөрүүтэй байна.

Мөн боловсрол эзэмшээгүй иргэдийн ядууралд өртөх байдал 52.8 хувьтай байгаа юм. Тиймээс боловсролын реформ хөдөлгөөн боловсролын салбар шинэчлэл хийх шаардлагын хүрээнд 6 стратеги барьж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Тодруулбал боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах, суралцагч төвтэй сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх, боловсрол дижиталд суурилсан байх, боловсролын салбарт тоо бүрийг чанартай болгох, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, эцэг эхчүүдийг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байна.