Тайванийн Ерөнхийлөгч тусгаар тогтнолыг нь хүндэтгэхийг Хятадын эрх баригчдаас хүсжээ

Тайваньд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа ерөнхийлөгч Цай Инвэнь өчигдөр BBC агентлагт ярилцлага өгсөн байна. Хэдийгээр Тайвань хятадын иргэний дайны төгсгөлд буюу тусгаар тогтнолоо зарласан ч эх газрын  хятадаас өнөөг хэр нь Тайванийг өөрсдийн салшгүй нэг хэсэг хэмээн үзэж, ямар нэг салан тусгаарлах ажиллагааг цэргийн хүчээр дарна гэсэн анхааруулгыг өгөөд байгаа юм.

Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнь мягмар гарагт БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа хятад улсын эрх баригчдад хандаж, бодит нөхцлийг хүлээн зөвшөөрч, Тайванийн тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэхийг хүсчээ.

Ерөнхийлөгч Цай Инвэний тухайд өнгөрөгч бямба гарагт явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2024 он хүртэл Тайванийн төрийг удирдахаар болоод байгаа юм.

Сонгуулийн үр дүнтэй холбогдуулаад эх газрын Хятадаас мэдэгдэл хийж, Тайванийн улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран үндсэн үзэл баримтлалууд нь огт өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Тайваньд явагдсан сонгуулиар тусгаар тогтнолыг дэмжигч Цай Инвень ялалт байгуулсан нь Бээжингийн эрх баригчдад хүндхэн цохилт болсон юм.

Хэдийгээр БНХАУ-ын дарга Си Зиньпин "Нэг Хятад" бодлогын хүрээнд Тайваныг эх газрын хятадтай тайван замаар нэгдэхийг уриалж, шаардлагатай гэж үзвэл цэргийн хүч ашиглахад бэлэн гэдгээ анхааруулсан ч Тайванийн ард иргэд үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь энэ удаагийн сонгуулиар илэрхий боллоо гэж ажиглагчид үзэж байна.