2016 онд Европын улсуудаас Монгол улс руу хийгдэж байгаа Тир горимын тээвэрлэлтийн нэг хувийг Монгол тээвэрчид гүйцэтгэж байсан бол 2018 онд 13.3 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл өчигдөр зам тээврийн хөгжлийн яамнаас Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар мэдээллээ.
Тодруулбал манай улс 2016 оноос эхлэн Европын холбооны улсуудтай олон улсын автотээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж Польш, Герман, Чех, Гүрж, Словак, Унгар, Литв гэсэн 7 улстай тээвэрлэлт хийх боломж бүрджээ. Ингэснээр манай улс Оросын холбооны улс, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украйн, БНСУ, Беларусь, Латви, Турк зэрэг 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болоод байна. Өөрөөр хэлбэл шинээр 7 улстай олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг солилцон тээвэрлэлт хийх боломжийг бүрдүүлжээ.
Мөн 2016 онд байгуулсан Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр" 2019 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээрийн хүрээнд Монгол тээвэрчид Оросын холбооны улсаас БНХАУ-ын нутгаар дамжин Тяньжин боомт хүртэл автотээвэрлэлт гүйцэтгэж эхэлжээ.
Тээвэрлэлтэд БНХАУ нутаг дэвсгэрт тавьж байгаа шаардлагыг хангах хэрэгтэй байна. Тодруулбал Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч аж ахуй нэгж, хувь хүн хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой байна.