ОХУ-ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр холбооны дээд зөвлөлийн хуралдааны үеэр танилцуулсан жил тутмын илтгэлийнхээ үеэр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн саналыг  дэвшүүлсэн байна.

Хэрвээ түүний саналыг олон нийтийн санал хураалтаар оруулж, дэмжвэл ОХУ-ын парламент одоо байгаагаасаа илүү их эрх мэдэл эдлэх төдийгүй ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх цаашлаад батлах эрхтэй болох юм.  Ингэснээр парламент болон парламентад суудалтай намуудын үүрэг, засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, хараат бус байдлыг нэмэгдүүлнэ гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулаад ерөнхий сайд Димитрий Медведев үндсэн хуулийн 117-р зүйлийн 1-д заасны дагуу засгийн газрын нийт гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлт гаргаж байгааг мэдэгдсэн байна.

Үүний дараагаар ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрыг огцруулах тухай зарлигт гарын үсэг зурж,  Ерөнхий сайдын албан тушаалд ОХУ-ын татварын албаны дарга Михайл Мишустинг томилох саналтай байгаагаа танилцуулжээ. Улмаар ОХУ-ын парламент өнөөдөр буюу пүрэв гарагт хуралдаж, Михайл Мишустиныг ерөнхий сайдын албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэхээр тогтсоныг эх сурвалжууд мэдээлж байна.

Харин огцрох өргөдлөө өгсөн Димитрий Медведийг тэрбээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалд томилох шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Владимир Путин төрийн зөвлөлийн эрх мэдлийг өргөтгөх санал дэвшүүлсэн нь тус зөвлөлд цаашид ерөнхийлөгчөөс илүү эрх мэдлийг төвлөрүүлэх, улмаар 2024 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа төрийн зөвлөлөөр дамжуулан орос орныг удирдах бодолтой байж магадгүй хэмээн ажиглагчид дүгнэж байна.