Хятад улсад коронавирусын халдвараар гурван хүн нас барж, 140 шинэ тохиолдол бүртгэгдлээ

БНХАУ-д дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас хүний амь нас үрэгдсэн гурав дахь тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын эрүүл мэндийн яам өнөөдөр мэдэгдлээ.

Түүнчлэн тус улсад энэ долоо хоногт хаврын баяр буюу манайхаар цагаан сарын баяр болох гэж байгаатай зэрэгцээд хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдсэний улмаас халдвар авсан хүмүүсийн тоо 200 болон нэмэгдэж, Бээжин, Шенжень зэрэг хотуудаар халдварын анхны тохиолдлууд бүртгэгдээд байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өнгөрөгч 12-р сард анх БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод илэрсэн энэхүү үл мэдэгдэх вирусын халдварыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас урьдчилсан байдлаар САРС-ын төрлийн шинэ коронавирус байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм.

Халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгээр эхэлдэг энэхүү вирус нь энгийн ханиаднаас эхлээд үхэлд хүргэж ч болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Одоогоор вирусын халдвар хүнээс хүнд дамжин халдварладаг эсэх нь хараахан тогтоогдоогүй байгаа ч Тайланд болон Япон улсад энэхүү халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн юм.

Тодруулбал, Япон улсын иргэн 30 гаруй насны эрэгтэй энэ сарын эхээр вирусын тархалт анх гарсан Хятадын Ухань хотоос ирсэн бөгөөд түүнийг хөл хорио тогтоон эмчилж байгаа тухай японы эрүүл мэндийн яам мэдэгджээ.