Энэ онд шинэ сургуулиудын барилгыг ашиглалтад оруулснаар сурагчид хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэнэ

Боловсрол, соёл урлагийн салбарт энэ онд  нийт 614 төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэхэд 662.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагджээ. Эдгээр төслийн 362-ыг шинээр хэрэгжүүлэх бол 252 төсөл нь өмнөх жилүүдээс шилжих арга хэмжээ байна. Тодруулбал оны өмнө нурааж, шинээр барих талаар асуудал хөндөгдөж байсан Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан тус бүрт энэ жилийн тухайд 2 тэрбум төгрөг төсөвлөж, урсгал засвар хийлгэхээр болжээ. Ингэснээр ирэх намар эхний ээлжийн засварууд гүйцэтгэгдэж, тус байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм.

Энэ онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт бүтээн байгуулалт өрнүүн жил болохоор байна.  Учир нь өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл арга хэмжээгээ үргэлжлүүлэх, гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжээр хичээллүүлэх боломжоор хангахын тулд шинэ сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийг барих, дотуур байр, соёлын төв барих зэрэг 614 төрлийн төсөл арга хэмжээ байна. Тухайлбал боловсролын салбарт 488.9 тэрбум төгрөг, соёл урлагийн салбарт 82.2 тэрбум төгрөг, спортын салбарт 43.7 тэрбум төгрөг, шинжлэх ухааны салбарт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсан. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн хүрээ, өргөө төслийг боловсруулаад байгаа юм байна.

50-70 жилийн насжилттай гэгддэг соёл урлагийн байгууллагуудын барилгууд болох УДЭТ, УДБЭТ, үндэсний төв номын санг буулгаж, шинээр байгуулах талаар санал яригдаж байсан ч хэвээр үлдээж засварлах шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Тэгвэл энэ оны төсөвт эдгээр барилгуудыг 2020 онд урсгал засварт оруулах 2 тэрбум төгрөгийг суулгасан байна. Тиймээс эхний ээлжид засвар үйлчилгээний бэлтгэл ажлыг  хангаж, дулааны улиралд зарим байгууллагын сантехник, дээврийг засварлах, суурийг хүчитгэх  засварыг хийх юм байна.

2019 онд 12 дотуур байр, 19 спорт заал, 23 соёлын төв, 46 сургууль, 76 цэцэрлэг ашиглалтад оруулжээ.