УИХ-ын нэр бүхий гишүүд Сидней хотын казинод тоглосон нь тогтоогдвол холбогдох арга хэмжээг авна

Энэ сарын 13-16-ны өдрүүдэд Австралийн Канберра хотод болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон нэр бүхий УИХ-ын гишүүд Австралийн казинод явж байгаа гэрэл зураг зарим мэдээллийн хэрэгслээр ил болоод байгаа. Одоогоор казиног сонирхож орсон уу, эсвэл тоглосон  эсэх нь тогтоогдоогүй. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар "Төрийн албан хаагч гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу баримталж, Монгол улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглосон" шийдвэр гаргаж байсан юм. Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган Австралийн нийслэл Канберра хотод Энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Улсын их хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар оролцсон байна. Гэвч чуулганаа өндөрлүүлсэн УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайд нарын Казинод явж буй зураг олон нийтийн дунд ил болоод байгаа юм.

Өнгөрөгч оны 4-р сард Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдыг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглохыг хориглосон шийдвэр гаргасан байдаг. Үүнд, "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийг шинэчлэн баталж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу баримталж, Монгол улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, мөрийтэй тоглоом /казино/ тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглож, зөрчил гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх зэрэг хариуцлага тооцох хэм хэмжээг тогтсон. Хэдийгээр нэр бүхий хүмүүс гэрэл зургаар казинод байгаа  зураг ил болсон ч үнэхээр мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогдвол холбогдох арга хэмжээг авах юм байна. УИХ-д Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан казиногийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд хууль хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулан гишүүд Казиногийн үйл ажиллагааг судалсан гэж мэдэгдээд байгаа юм.