Нийслэлийн төсвийн 30 орчим хувь нь хөрөнгө оруулалтад зарцуулагдана

     370 жилийн түүхтэй Нийслэл хот цаашид хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот болох зорилт тавин хөгжлийн чиглэлээ тодорхойлсон. Эдгээр чиглэлийг хэрэгжүүлэхэд ганцхан улс, Нийслэлийн төсөв хангалтгүй бөгөөд жилдээ 1 их наяд гаруй төгрөгийн төсөв батлагддагийн 30 орчим хувь нь л хөрөнгө оруулалтын зардалд зарцуулагддаг байна. Тэгвэл ирээдүйд хот зөвхөн төсвөөс хамааралгүйгээр хувийн хэвшлийн хамтын ажиллагаатайгаар хөрөнгө оруулалт хийж, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

Энэ оны тухайд Нийслэлд 1,5 их наяд төгрөгийн төсөв батлагдсан. Энэ төсвийн 70 хувь нь урсгал зардалд, үлдсэн хувь нь хөрөнгө оруулалтын зардалд төсөвлөгджээ. Тэгвэл энэ хөрөнгө оруулалтаар барилгажуулалд, шинээр дэд бүтэц бий болгох 108 тэрбум 123.8 сая төгрөг, Нийслэлийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох 33 тэрбум 469.7 сая төгрөг, авто зам, гүүрний бүтээн байгуулалт 17 тэрбум 471.8 сая төгрөг, Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх том хэмжээний тохижилт, гэрэлтүүлэг 27 тэрбум 807.1 сая төгрөгөөр нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг энэ онд шийдвэрлэнэ.

Төсөв бол хязгаарлагдмал нөөц, харин нийслэлд тулгамдаж байгаа бол асуудлууд бол иргэдийн хязгааргүй хэрэглээнээс бий болж байгаа учраас жилд төсөвлөсөн төсвөөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна хот менежменттэй ажиллаж, эдийн засгийн өгөөжтэй ажилд хөрөнгө оруулалт хийвэл нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт нэмэгдэхээс гадна үр ашгаа хүртэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

2019 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын тухайд 227 тэрбум 47 сая төгрөг байсан бол энэ онд 249 тэрбум 333.8 сая төгрөг болж өсөөд байна.