Сургуулийн автобус явснаар нийслэлийн төвийн авто замын ачаалал 4 хувь буурчээ

   Өчигдрөөс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал болох замын түгжрэл юм. Тодруулбал Цэцэрлэг, Сургуулийн хичээл орох, тарах үеэр автозамын ачаалал илүү нэмэгддэг байна. Тэгвэл түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оноос нийслэлд сургуулийн автобусыг явуулж эхэлсэн юм. Сургуулийн автобус явж эхэлснээс хойш замын түгжрэл тодорхой хэмжээнд буурсан болохыг холбогдох албанаас мэдээлсэн юм.

 Зарим тоон мэдээллээс дурдвал:

-Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим сурагчдад сургуулийн автобус үйлчилж байна.

-Тодруулбал сургуулийн байршлаас хамаарч 3 чиглэлд 40 сургуулийн автобус үйлчилж байгаа юм.

-Эдгээр автобус явж эхэлснээр Нийслэлийн төв, Бага тойруу орчим авто замын түгжрэл 2-4 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна.

-Мөн сурагчдын аюулгүй байдал хангагдахад ахиц гарсныг сургуулийн автобусны зохицуулагч онцолж байна.

Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагаа хөтөлбөрт багтсан замын түгжрэлийг бууруулах зорилгоор сургуулийн автобус төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Сургуулийн автобусанд өнөөдрийн байдлаар 2800 орчим хүүхэд хамрагдаж байна. Сургуулийн автобус явж эхэлснээр хотын төвийн түгжрэл 4 орчим хувиар буурчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн сурагчдын 50 хувь нь нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслээр зорчдог гэсэн судалгаа байна. Тэгвэл цаашид сургуулийн автобусны хэрэгцээ шаардлага нэмэгдвэл хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтойг нийслэлийн нийтийн тээврийн газраас онцолж байна. Сургуулийн автобус сургуулийн хичээл эхлэхээс дуусах хүртэл өдөрт гурваас дөрвөн удаагийн зорчилт хийж байна.