Хятадад дэгдсэн Коронавирус хүнээс хүнд дамжин халдварладаг нь тогтоогдлоо

Цагаан сарын баярын ид хөл хөдөлгөөний үетэй зэрэгцээд Хятад улсад дэгдээд байгаа Шинэ төрлийн Коронавирусын халдварыг хүнээс хүнд дамжин халдварладаг болохыг тогтоосноо БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн комисс өчигдөр мэдэгдлээ. Өнгөрсөн 12-р сард Хятад улсын төвийн хэсэгт орших Хэбэй мужийн Ухань хотоос анх дэгдсэн энэхүү вирусын халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо ердөө долоо хоногийн өмнө 50 орчим хэмээн бүртгэгдээд байсан бол өнгөрөгч амралтын өдрүүдэд 3 дахин нэмэгдэж 200 даваад байгааг албаныхан мэдээлж байна.  Түүнчлэн энэхүү халдварын улмаас одоогийн байдлаар 4 хүн амь үрэгдсэний дээр Хятад улсаас гадна Япон, Тайланд, Өмнөд Солонгос гэсэн 3 улсад анхны тохиолдлууд нь бүртгэгдээд байгаа юм. 

Шинэ төрлийн гэгдэж байгаа энэхүү Коронавирус нь 2002-2003 онд анх Хятад улсад дэгдэх үедээ 650 орчим хүн амь насыг авч одож байсан “SARS” буюу амьсгалын цочмог халтай хам шинжийн халдвартай төстэй байгаа нь аюул дагуулж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлжээ. Мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү вирусыг анх амьтнаас хүнд дамжин халдварласан байх магадлалтай хэмээн үзэж байгаа бөгөөд хүнээс хүнд дамжин халдварладгийг нь өчигдөр буюу даваа гарагийг хүртэл тогтоогоогүй байсан юм.

Тэгвэл халдвартай хүмүүст эмчилгээ хийж байсан эмч сувилагчид мөн вирусын халдвар авсан нь тогтоогдож, одоогоор 30 гаруй хүний биеийн байдал хүнд байгааг эмнэлгийн удирдлагууд мэдээлжээ. Цагаан сарын үеэр энэхүү шинэ төрлийн вирусын халдвар цар хүрээгээ улам тэлэх эрсдэлтэй байгаатай холбогдуулаад БНХАУ-ын дарга Си Зиньпин вирусын тархалтыг зогсоох чиглэлд хүчин чармайлт гаргахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн вирусын тархалтын улмаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах тухай асуудлаар маргааш буюу лхагва гарагт Женев хотноо хуралдахаар товложээ.