БНХАУ-ын технологийн тэргүүлэгч "Huawei" компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөх асуудлаарх шүүх хурал өчигдөр Канад улсад эхэлсэн байна.

Хуавей компанийн үүсгэн байгуулагч Жэнь Женфэйгийн төрсөн охин, өдгөө 47 настай Мэнь Ванжаугийн хувьд 2018 оны 12-р сард АНУ-ын захиалгаар Канад улсын Ванкувер хотноо баривчлагдаж, улмаар 10 сая америк долларын барьцаагаар суллагдсанаасаа хойш Ванкувер хот дахь гэртээ 1 жилийн турш гэр хорионд ороод байгаа юм. 

АНУ-ын зүгээс түүнийг мөнгө угаасан болон Иран улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг зөрчсөн зэрэг 20 гаруй зүйл ангиар буруутгаж, шилжүүлэн өгөх хүсэлтийг канадын засгийн газарт тавиад байгаа бол БНХАУ-ын зүгээс түүнд үүсгэсэн хэргийг улс төрийн зорилготой хэмээн эрс буруушааж,  суллаж явуулахыг шаарджээ. Улмаар түүний баривчилгаатай холбогдуулан Хятад улс Канадын эсрэг сөрөг арга хэмжээ авч,  тус улсын дипломатч асан Майкл Ковриг болон бизнесмен Майкл Спевор нарыг үндэсний аюулгүй байдалд аюул учруулах үйлдэл гаргасан гэсэн үндэслэлээр баривчлаад байгаа юм. Хэрэв Канад улсын шүүх Мэн Ванжауг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл тэр бээр 20 жил хүртэлх жилийн хоригдох ял авч магадгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна.