5 шар-Офицеруудын ордон чиглэлд гурван сарын хугацаанд цахилгаан автобуснуудыг туршилтаар явуулна

Нийслэлийн  замын хөдөлгөөний түгжрэлийг ирэх таван жилийн хугацаанд 50 хүртэл хувиар бууруулах зорилгоор нийтийн тээврийн цогц шийдлийг энэ оноос нэвтрүүлж эхэлж байна. Тухайлбал энэ долоо хоногоос Энхтайваны өргөн чөлөөгөөр туршилтаар их багтаамжийн цахилгаан автобус үйлчилгээнд явуулахаар болсон. Мөн Баянхошуу-3, 4-р хорооллын чиглэлд агаараар тээвэрлэх дүүжин тээврийн дэд бүтцийн ажлыг 4-р сараас эхлүүлж,  ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн нийтийн тээврийн цогц шийдлийн хүрээнд цахилгаан соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобус,  такси, автобусны парк шинэчлэлт зэрэг ажлыг 2020-2025 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэх юм. Үүний нэг  нь уулан дээгүүр агаарын дүүжин тээврийг нэвтрүүлж, цагт дунджаар 3000 хүн тээвэрлэх юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 900 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Харамсалтай зарим автобусны тухайд насжилт өндөртэй учраас нийслэлд энэ оны эхний 9 сард багтаан 600 автобусыг  төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан худалдан авахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжид энэ долоо хоногоос эхлэн 10 ширхэг цахилгаан автобусыг туршилтын журмаар 3 сарын хугацаанд 5 шараас офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явуулна. Энэ автобус нь 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай.

Ийнхүү цогц ажлуудыг хийснээр 2025 он гэхэд түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм байна.