Өрхийн эмнэлгийн санхүүжилт хоёр дахин нэмэгдлээ

Хүн амын эрүүл мэндэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь маш чухал. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон салбар яамнаас өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлага байгааг онцолж байсан.

Тодруулбал өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад санхүүжилт, хүний нөөц, барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг мэдээлж байсан. Тэгвэл энэ онд өрхийн эрүүл мэндийн нэг иргэнд оногдох санхүүжилт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15 мянган төгрөг байсныг 2020 онд 30 мянган төгрөг болголоо. Ингэснээр өрхийн эмнэлгийн санхүүжилт нэмэгдэж ажилтнуудын цалин хөлс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байна.

Улсын хэмжээнд 550 орчим сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв байдгаас 134 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын нийт эрүүл мэндийн эмч ажилтнуудын 20 гаруй хувь нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагад буюу өрхийн эмнэлэгт ажиллаж байна. Стандартад зааснаар өрхийн нэг эмч 1500-2000 хүн амд үйлчилнэ гэж заасан байдаг ч хүн ам ихтэй нийслэлийн дүүргийн зарим хороодод нэг өрхийн эмчид 3000 гаруй хүн ам оногддог байна.

Мөн түр оршин суугчид, оюутнууд өрхийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авдаг ч төсөв нь өрхийн эмнэлэгт санхүүжилт болж очдоггүй зэрэг асуудлуудыг өрхийн эмч нар онцолж байсан. Харин нэг хүнд оногдох зардлын санхүүжилт нэмэгдсэнээр өрхийн эмнэлэг буюу анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт хоёр дахин нэмэгдэж байна.