Хятад улсад дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар АНУ-д бүртгэгдэж, Умард Солонгос хил хорио тогтоолоо

БНХАУ-д дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо хамгийн сүүлийн үеийн байдлаар 6 болж нэмэгдсэний дээр халдвар авсан хүмүүсийн тоо аль хэдийн 300 даваад байгааг албаныхан мэдээллээ.

Хүнээс хүнд дамжин халдварладаг нь тогтоогдоод байгаа энэхүү вирус нь Тайланд, Япон, Өмнөд Солонгос гэсэн гурван улсад бүртгэгдээд байсан бол өчигдөр АНУ-д анхны тохиолдол нь бүртгэгдсэнийг эх сурвалжууд мэдээлж байна.

АНУ-ын халдварт өвчинтэй тэмцэх төвийн мэдээлснээр даваа гарагт  Хятадын Ухань хотоос АНУ-ын Сиатль хотод ирсэн 30 гаруй насны эрэгтэйгээс  шинэ төрлийн коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэр даруй түүнийг эмнэлэгт хэвтүүлэн тусгаарласан тухай мэдээлжээ.

Энэхүү вирусын тархалттай зэрэгцээд БНХАУ-д цагаан сарын баяр тохиож байгаа тул хэдэн тэрбум хүнийг хамарсан их шилжилт хөдөлгөөн өрнөж, улмаар халдварын тархалт цааш улам газар авах аюул үүсээд байгаа юм.

Үүнтэй холбогдуулаад халдвар анх гарсан гэгдэх Ухань хотод цагаан сарын баярын арга хэмжээнүүдийг цуцлах зэргээр вирусын тархалтыг зогсооход чиглэгдсэн хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч байгаагаа тус хотын удирдлагууд мэдээлсэн ч энэхүү вирусын халдвар нь аль хэдийн Бээжин, Шенжень тэргүүтэй томоохон хотуудаар бүртгэгдэж, эрчимтэйгээр нэмэгдэж байгааг шинжээчид анхааруулж байна.

Улмаар дэлхийн улс орнууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэн, хилийн хяналт шалгалтаа өндөржүүлээд байгаа бол Умард Солонгос улсын зүгээс хилийн хориг тогтоох арга хэмжээ авснаа мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулаад олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах тухай асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт буюу өнөөдөр Женев хотноо хуралдахаар товлоод байна.