ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин засгийн газраа бүрдүүллээ

Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин холбооны ассемблейн дээд зөвлөлийн хуралдааны үеэр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн санал дэвшүүлж, улмаар үндсэн хуулийн 117-р зүйлд заасны дагуу Дмитрий Медведевийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

Тэгвэл шинээр сонгогдсон ерөнхий сайд Михаил Мишустин долоо хоног хүрэхгүй хугацааны дараа засгийн газрын бүрэлдэхүүнээ томилсон байна.

Шинэхэн засгийн газрын бүрэлдэхүүний дийлэнх албан тушаалуудад шинэ хүмүүс томилогдож, томоохон сэлгэлт хийснийг ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэсэн ч гадаад хэргийн сайд Сергей Лавров болон батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарыг албан тушаалд нь хэвээр нь үлдээх шийдвэр гаргажээ.

Түүнчлэн сангийн сайд Антон Силуанов, эрчим хүчний сайд Александр Новак нар мөн албан тушаалаа хадгалан үлдсэн байна.

Ерөнхий сайд Михаил Мишустины бүрдүүлсэн засгийн газрын анхны хуралдааны үеэр ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэх үеэрээ ард иргэдийнхээ амжиргааны түвшинг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт байх ёстой гэж мэдэгджээ.

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт өөрийн  баруун гар гэгддэг Дмитрий Медведевийг аюулгүйн зөвлөлийн орлогч даргын албан тушаалд томилж, харин түүний орыг залгамжлах хүнээр Михаил Мишустины нэрийг дэвшүүлсэн нь гэнэтийн үйл явдал болсныг ажиглагчид онцолж байсан юм.

Учир нь Михаил Мишустины тухайд өмнө нь улс төрд ажиллаж байсан туршлагагүй ч татварын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан хүний хувиар иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх ерөнхийлөгч Владимир Путины зорилтод хамгийн тохиромжтой хүн байсан гэдгийг зарим шинжээчдийн зүгээс мэдээлжээ.