Ж.Батхуяг: УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн тархинд гэмтлийн гаралтайгаар цус харваж, нас барсан

Өнгөрсөн оны 5-р сард УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд зуурдаар таалал төгссөн.  Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 8 сар өнгөрсөн ч хэргийг шалгах  явцад ямар ч ахиц гараагүй, эцэслэн шийдэгдээгүй тул талийгаачийн ар гэрийнхний зүгээс шүүх эмнэлгийн зарим мэдээллийг ил болголоо. Тухайлбал талийгаачийг гэмтлийн чанартай цус харвасан буюу гадны нөлөөтэй амиа алдсан гэдгийг мэдэгдлээ.

Төр нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны 5-р сарын 17-ны баасан гарагт төрийн ордонд зуурдаар амиа алдсан харамсалтай явдал тохиолдсон. Тухайн үед  талийгаач "Торгоны зам" авто ралли зохион байгуулах ажлын багийн хуралдаанд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон гэх мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байсан.  Улмаар хурал тарсны дараа 19 цагийн орчимд төрийн ордны баруун жигүүрт, хоёр давхрын  гонхноос унасан байдалтай байсан гэх мэдээлэл байдаг. Одоогоор цагдаагийн байгууллага хэргийг эцэслэн тогтоогоогүй байхад энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаад байгаа учраас талийгаачийн ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой мэдээллийг 8 сарын дараа анх удаа ил болголоо. Түүнчлэн шүүх эмнэлэгтэй холбоотойгоор үүссэн асуудал нь ар гэрийнхний зүгээс “MRI”-д харуулах хүсэлт тавьсан ч шүүх эмнэлэг шинжилгээг яаралтай хийсэн төдийгүй зарим төрлийн шинжилгээг дутуу хийсэн байжээ. Мөн цагдаагийн байгууллага хэргийн газраас эд мөрийн баримтаар талийгаачийн гар утсыг хураан авсан ч буцаан өгөхдөө бүхий л мэдээллийг устгасан байсан. Тиймээс мэдээллийг сэргээх боломжгүй болсон байна.

Бүхэл бүтэн төрийн тусгай объектод ажлын цагаар төр нийгмийн зүтгэлтэн хүний амь эрсэдсэн хэргийг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаад харамсаж байгаагаа талийгаачийн ар гэрийнхэн мэдэгдэж байсан. Гэхдээ Монгол улс төртэй, шүүх засаглалтай учраас хэргийн үнэн зөвийг олж өгнө байх гэдгийг онцолсон юм.