Шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна

Эрүүл мэндийн яам болон Зоонозын өвчин судлалын төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Бүгд найрамдах Хятад ард улсад дэгдээд байгаа шинэ төрлийн Коронавирусын халдвартай холбогдуулан мэдээлэл хийлээ.  Энэ удаа дэгдээд байгаа 7 дахь төрлийн Коронавирус нь ахуй, хавьтлын замаар дамжин халдварлаж байсан бол агаар дуслын замаар дамжин халдварлах эрсдэлтэй болсон байна. Мөн манай улсад 4 хүн тус вирусын халдварыг авсан гэх мэдээлэл ташаа болохыг холбогдох албанаас мэдээллээ.

Өмнөд хөршид шинэ төрлийн Коронавирусын халдвар дэгдсэнтэй холбогдуулан манай улс тус вирусын халдвар тархах "дунд эрсдэлтэй" оронд тооцогдож байна. Мөн БНХАУ-д шинэ төрлийн Коронавирусын халдвар дэгдсэн цагаас манай улсын эрүүл мэндийн яам хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж Энэтхэг,Хонконг улсаас ирсэн халуурсан, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн 6 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторийн шинжилгээнд хамруулж шинэ төрлийн Коронавирусаар халдварлаагүй, а хүрээний H3N2 халдвараар өвчилсөн болохыг тогтоожээ.

Мөн улирлын томуу нь Коронавирусаар үүсгэгддэг учраас шинэ төрлийн Коронавирусын халдварын шинж тэмдэг нь улирлын томуугийн халдварын шинж тэмдэгтэй төстэй бөгөөд хурдан хүндрэх эрсдэлтэй байна.

Одоогоор манай улсад хилийн боомт, гаалийн хяналтын бүс болон нисэх буудалд халуун хэмжих Термокамераар хяналт хийж, хилээр нэвтрэн орж ирж байгаа хүмүүсээс эрүүл мэндийг тодорхойлох мэдээллийг асуулгаар авч ажиллаж байгаа юм байна. Харин иргэдэд амны хаалт зүүх, ахуйн хүрээнд ариун цэврийг сахих, гараа тогтмол угаах, хоол хүнсийг бүрэн боловсруулж идэх зэрэг зөвлөмжүүдийг хүргүүлж, шаардлагагүй тохиолдолд халдвар гарсан улс орон руу зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.