Эдийн засгийн бодлого, Өрсөлдөх чадварын судалгааны төвөөс найм дахь удаагийн аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа.
2012 оноос хойш гаргаж байгаа тус судалгаагаар сүүлийн гурван жил Орхон аймаг тэргүүлсэн үзүүлэлттэй байна.
Зарим тоон мэдээллээс дурдвал:
-Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг 176 шалгуур үзүүлэлтээр 100 оноогоор үнэлж жагсаахад Орхон аймаг 100 оноотой тэргүүлсэн байна.
-Удаах байруудад өрсөлдөх чадвараар Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймаг 97-94 оноотой жагсжээ.
-Тэгвэл өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр хуваахад эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Сүхбаатар, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймгууд тус тус тэргүүлж байгаа юм.
-Өрсөлдөх чадвараар тааруу буюу 46-37 оноогоор Говь-алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгдсэн байна.
2019 оны аймгуудын өрсөлдөх чадварын үр дүнгээс харахад Дорноговь, Архангай, Дорнод, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Ховд, Завхан аймгийн өрсөлдөх чадвар сайжирсан үзүүлэлттэй байна. Харин Баян-өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн өрсөлдөх чадвар буурсан үзүүлэлттэй гарчээ.
2012 онд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 62 байсан бол 2019 онд 68 болж өссөн байна. 2012 онд 21 аймгийн хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн аймаг 27 оноотой байсан бол 2019 онд сүүлд эрэмбэлэгдсэн аймаг 37 оноотой болж өсжээ. Аймгуудын бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаар үйлдвэрлэл эрхлэгчдийг зээл татварын бодлогоор дэмжих, банкны зээлийн хүүг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд өнгөрсөн найман жилийн турш тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.
Тэгвэл аймгуудад өмнөх жилүүдээс сайжирсан үзүүлэлт байгаа юм. Тухайлбал орон нутагт зам харилцаа харьцангуй сайжирчээ. Мөн дулааны цахилгаан станц барих асуудал шийдлийн түвшинд хүрсэн эерэг үзүүлэлттэй байна. Аймгуудад шинээр үүссэн тулгамдаж байгаа асуудал гэвэл цэвэрлэх байгууламж, хог хаягдал, хогийг дахин боловсруулах үйлдвэр хүрэлцээгүй зэрэг асуудал нэмэгдсэн байна. Мөн цаашид аймгуудад нийтлэг тулгамдах асуудлыг агаарын бохирдол хэмээн судалгааны дүнгээс онцолж байгаа юм.