Коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо хоёр хоногийн дотор хоёр дахин нэмэгдлээ

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн Коронавирусын голомт болоод байгаа Ухань хот халдварын тархалтыг цааш улам газар авахаас сэргийлж, хотоос гарах нийтийн тээврийн урсгалыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулаад тус хотын 11 сая оршин суугч цагаан сарын баяраар өөр тийшээ зорчих боломжгүй болж байна.

Өчигдөрхөн л тус халдварын улмаас 9 хүн амь үрэгдэж, 440 хүн халдвар авсан гэх мэдээлэл байсан бол өнөөдрийн байдлаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 17 болж нэмэгдэн, халдвар авсан хүмүүсийн тоо 550 даваад байгааг албаныхан мэдээлж байгаа юм. Тэдгээрээс Тайландад 4, Хонконгт 2 тохиолдол бүртгэгдсэнээс Макао, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, АНУ-д тус тус нэг тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр явуулсан шуурхай хуралдааныхаа үеэр олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч БНХАУ-аас дэлгэрэнгүй мэдээлэл авах хүртэл шийдвэрээ хойшлуулж, пүрэв гарагт дахин хуралдах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тухайд өмнө нь Зика болон Эбола вирусын тархалтын үеэр олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах шийдвэр гаргаж байсан юм.

Одоогийн байдлаар дэлхийн бусад улс орнууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдээд, хилийн хяналт шалгалтаа өндөржүүлэх арга хэмжээ авч байгаа бол Умард Солонгосын зүгээс гадаадын жуулчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгдээд байна.