Их британийн парламент Брекситийн хуулийн төслийг дэмжин баталлаа

Их британийн ерөнхий сайд Борис Жонсоны боловсруулсан Брекситийн асуудлаарх хуулийн төслийг лхагва гарагт тус улсын парламентын хоёр ч танхим хоёулаа баталж, улмаар их британи европын холбооноос гарах үйл явц албан ёсоор эхлэхэд нэг алхам ойртож байна. Өнгөрсөн онд их британийн ерөнхий сайд Борис Жонсон европын холбооны удирдлагуудтай Брекситийн хэлэлцээрийн төслийг шинэчлэн байгуулсан ч парламентынхаа дэмжлэгийг хүлээж чадаагүйн улмаас Брекситийн үйл явцыг хэрэгжүүлэх хугацаа энэ сарын 31-ний өдөр хүртэл хойшлогдоод байгаа юм. Хэдийгээр их британийн засгийн газар Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах тухай асуудлыг одоогоос 4 орчим жилийн өмнө бүх нийтийн санал асуулга явуулан 51.9 хувийн дэмжлэгтэйгээр аль хэдийн шийдсэн боловч хэрхэн яаж гарах вэ гэдэг асуудал дээр шийдэлд хүрч чадалгүй санал зөрөлдсөөр өнөөдрийг хүрээд байна.

Тэгвэл лхагва гарагт баталсан уг хуулийн төслийг хатан хаан хоёрдугаар Элизабет энэ баасан гараг гэхэд гарын үсэг зурж батлах төлөвтэй байгаа бөгөөд европын парламент энэ асуудлаар энэ сарын 29-ний өдөр хуралдаан явуулж эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Ингэснээр Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улс нэгдүгээр сарын 31-ний өдөр гэхэд Европын холбооны бүрэлдэхүүнээс өрх тусгаарлах үйл явцыг албан ёсоор эхлүүлж,  шилжилтийн үе 11 сар үргэлжлэх төлөвтэй байгаа  юм.