2019 оны авлигын индексээр манай улс 35 оноо авч, дэлхийн 180 улсаас 106-р байрт орж 13 байр ухарлаа

2018 онд манай улс авлигын төсөөллийн индексээр өмнөх жилээсээ нэг оноогоор ахиж 37 оноогоор 10 байр урагшилж, 93-рт эрэмбэлэгдэж байсан юм. Тэгвэл өчигдөр танилцуулсан 2019 оны авлигын төсөөллийн индексээр манай улс 35 оноо авч дэлхийн 180 улсаас 106-рт эрэмбэлэгдлээ.

Энэ жилийн авлигын төсөөллийн индексээс харахад дэлхийн улсуудын гуравны хоёр нь буюу дийлэнх нь 50 онооноос доош оноо авчээ. Мөн улс орнуудын дундаж оноо нь 43 байгаа юм. Харин манай улсын хувьд дундаж онооноос 8 оноогоор бага буюу 35 оноотойгоор өмнөх жилээс 13 байраар ухарсан үзүүлэлттэй байна.

2019 онд дийлэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гараагүй гэдгийг Транспаранси Интернэшнл байгууллагаас онцолж байна. Тухайлбал эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад ч ухралт гарчээ. Авлигын төсөөллийн индексээр 34-35 оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүйн зохицуулалт сул эсвэл ямар ч зохицуулалтгүй байгааг онцолж байна

Манай улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага байгуулагдсанаас  хойш 10 гаруй жилийн хугацаанд авлигын эсрэг үйл ажиллагаа эрчимжсэн ч авлига, авлигаас үүдэлтэй хохирлын хэмжээ буураагүй байна. Өнгөрсөн оны байдлаар гэхэд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол өмнөх жилээс 30.6 дахин өсжээ. Харин авлигын төсөөллийн индексээр бага оноо авсан улс орнуудад ардчилал хямралтай, засаглал сул, улс төрөөс хараат цагдаа, шүүх, хэвлэлийн эрх чөлөө сул зэрэг нийтлэг шинж агуулагдаж байгаа нь манай улсад ч гэсэн хамаарч байгааг судлаачид онцолж байна.