Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад талууд харилцан тохиролцоно

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн  баталлаа. Тус хуулиар оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулах зорилготой юм байна.

Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлого хэрэгжүүлэхээр патентын тухай, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, инновацийн тухай хэд хэдэн хууль одоо мөрдөгдөж байгаа ч патент, зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн эрхийн үр шимээ хүртэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Хууль батлагдсанаар оюуны өмчийн байгууллагын хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ, харин гомдлыг урьдчилан шийдэх чиг үүрэгтэй зохиогчийн эрх болон хамаарах эрхийн зөвлөл ажиллаж шийдвэрлэх  юм байна.

Мөн оюуны өмчийн байгууллага нь эрх шилжүүлэх гэрээ, лицензийн гэрээ, франчайз, мерчандайзын гэрээ бүртгэх зэрэг үүргийг хүлээжээ. Оюуны өмчийн байгууллагад оюуны өмчийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч нар ажиллахаар боллоо. Энэ удаагийн хуульд орж байгаа гол заалт нь  оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцох боломжтой болжээ.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хууль, эсхүл зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.