Коронавирусын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 26-д хүрч, халдварын тохиолдол 800 давлаа

Шинэ төрлийн коронавирусын халдвар цааш улам цар хүрээгээ тэлэхээс сэргийлж БНХАУ-ын эрх баригчид халдварын голомт болоод байгаа Ухань хот тэргүүтэй бусад ойролцоох газруудад хөл хорио тогтоож, нийтийн тээврийн үйлчилгээг зогсоон, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авч байна.

Түүнчлэн цагаан сарын баярын үеэр халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж Хонконг болон Бээжингийн удирдлагууд цагаан сартай холбоотой бүхий л арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэр гаргаснаа мэдэгдээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус халдварын нийт 844 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 26 хүн нас барж, 177 хүний биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байна. Түүнчлэн уг вирусын халдвар авсан байж болзошгүй 1072 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 34 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсныг БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хороо мэдэгджээ.

Тэгвэл одоогийн байдлаар эх газрын хятадаас бусад газруудад шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаагаас Тайландад 4, Япон, Вьетнам, Хонконг, Макаод тус тус 2, Өмнөд Солонгос, Сингапур, АНУ, Тайвань зэрэг газруудаар тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнтэй холбогдуулаад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусгай хороо лхагва болон пүрэв гарагуудад хоёр ч удаагийн шуурхай хуралдаан зохион байгуулсан ч вирусын тархалттай холбогдуулан одоогоор олон улсын түвшинд онц байдал зарлах шаардлагагүй хэмээн үзжээ.

Улмаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага хятад улсын зүгээс халдварт өвчний тархалттай холбогдуулан 10 хоногийн дараа  буюу 2-р сарын 3-4-ны хооронд дахин хуралдаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр тогтсоноо мэдэгдсэн байна.

Эрдэмтдийн зүгээс энэхүү цоо шинэ төрлийн коронавирусын халдварыг анх Ухань хотын далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болоод зэрлэг ан амьтан худалдаалдаг захаас гарсан хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор энэхүү вирус нь хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг болох нь тогтоогдоод байгаа юм.

Хэдийгээр эрдэмтэд энэхүү вирусын  эсрэг вакциныг гаргаж авах ажлыг аль хэдийн эхлүүлээд байгаа ч тохиромжтой вакциныг бүтээж, улмаар вакцинжуулалтын аяныг эхлүүлэх хүртэл дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд мэдээлж байна.