Коби Брайант нисдэг тэрэгний ослоор 41 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

Сагсан бөмбөгийн түүхэн дэх бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг, NBA-ийн 5 удаагийн аварга Коби Брайант өчигдөр Калифорни мужийн Калабасас хотын ойролцоо нисдэг тэрэгтэй осолдож, 41 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Нисдэг тэргэнд Коби Брайант болон түүний 13 настай охин Жианнагаас гадна 7 хүн зорчиж явсан бөгөөд ослоос нэг ч хүн амьд гараагүйг Лос Анжелес хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Энэхүү гэнэтийн, харамсалтай үйл явдалтай холбогдуулаад Лос Анжелос хотын спортын цогцолборын гадаа Коби Брайнт болон түүний охины дурсгалыг хүндэтгэхээр олон мянган шүтэн бишрэгчид нь цугларсан бол дан ганц спортын ертөнц ч бус  өөр бусад салбарынхан ч мөн түүнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бүхэл карьерынхаа туршид буюу 20 улирлын турш Лос Анжелес Лейкерс багт хүчин зүтгэсэн тэр бээр одоогоос 4 жилийн өмнө 2016 онд их спортоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлаж байсан юм. Лос Анжелес Лейкерс багт хүчин зүтгэх хугацаандаа тэрбээр 2008 онд NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч, 2009 болон 2010 онуудад хоёр жил дараалан NBA-гийн финалын үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдэж, бүх оддын шигшээ багт нийт 18 удаа шалгарч байжээ. Түүнчлэн 2018 онд түүний бичсэн шүлгээс сэдэвлэн бүтээсэн "Dear basketball" богино хэмжээний анимэйшн 90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд шилдэг богино хэмжээний анимейшн төрөлд тэргүүлж Коби Брайант Оскарын шагналт анхны мэргэжлийн сагсан бөмбөгчөөр тодорч байсан юм.

 Одоогоор ослын шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд мөрдөн шалгалтын ажил эхлүүлснийг хууль хяналтын мэргэжилтнүүд мэдээлжээ.